
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаач, оюутан нар гадаад улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, боловсрол эзэмшихээр явсан. Эдгээр нөөцийг эргүүлэх татах зайлшгүй шаардлага бидэнд үүсэж байна. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна. Иймд хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын оюуны урсгалыг эргүүлэн татаж, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.