Хүн төрөлхтөн философийн боловсролын үүргийг бүх цаг үед өндрөөр үнэлж ирсэн. Философийн боловсролгүй хүн ард яаж ч тордовч шүтэгчдэд сүсэг төрүүлж чаддаггүй сүм лүгээ адил.
Г.В.Ф.Хегель
Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Боловсрол Шинжлэх ухааны яамнаас санхүүжүүлсэн зорилтот төслийн хүрээнд “Философийн шинэ нэвтэрхий толь” (УБ.:Соёмбо ХХК, 2022, 204 х.х) орчуулгын бүтээлийг нийтийн хүртээл болгожээ.
Энэхүү төсөл нь БШУЯ-аас үйл ажиллагааг дэмжих, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг сайжруулах; шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийн түгээн дэлгэрүүлэх; шинжлэх ухааны зүгээс олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд хэрэгжсэн. Төслийн удирдагчаар доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн ажиллажээ.
ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2010 онд эрхлэн хэвлүүлж, Төрийн шагнал хүртсэн “Новая философская энциклопедия” дөрвөн боть бүтээлээс түгээмэл хэрэглэгддэг ойлголт, ухагдахуун, категори, нэрт философичдын намтар, философийн урсгалын тухай 1200 гаруй өгүүллийг түүвэрлэн орчуулж нэг ботид эмхэтгэн хэвлүүлэв.
Философийн хүрээлэнгийн Философийн салбар толь орчуулах ажлыг 3 жилийн хугацаанд хариуцан зохион байгуулж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 44 эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна.
Тус орчуулгын бүтээлийн ерөнхий редактораар доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон, редактораар доктор (Ph.D), профессор Г.Лодой нар ажиллажээ.