
Хожуу Түрэгийн хаант улсыг байгуулсан Кутлуг Элтэрэс хааны тахилын онгон, гэрэлт хөшөөг шинээр нээн илрүүлээд байна. Мөн Сүхбаатар аймгийн нутаг “Донгойн ширээ” хэмээх газарт 14 гэрэлт хөшөө бүхий өвөрмөц тахилын онгон илрүүлэн судалж, түрэг, уйгурын үед холбогдох тамга тэмдэг, бичээс бүхий хамгийн олон гэрэлт хөшөөтэй, хамгийн зүүн захын томоохон цогцолбор дурсгал болохыг тогтоосон байна. Хятаны үеийн хот суурины судалгааг эрчимжүүлж, 3D дижитал баримтжуулалт хийж, Чин толгой, Хэрмэн Дэнж, Эмгэнт, Хар Бухын балгас, Хэрлэн Барс хотын суварга зэрэг дурсгалд малтлага судалгаа явуулж олон тооны олдвор илрүүлэн, Хэрлэн, Туул, Орхон голыг дагасан эртний худалдааны замын дагуу байгуулагдсан хотуудыг тогтоон, тэдгээрийг дамжсан тал нутгийн торгоны зам салбарлаж байсныг баримтаар нотолсон зэрэг шинжлэх ухааны олон арван нээлтүүдийг хийжээ.