
Зүрхний төрөлхийн хавсарсан гажгийн онош ба мэс засал, хавхлагын гажгуудыг хиймэл хавхлагаар солих, том судасны эмгэгүүдийг оношлох, түүний мэс заслын эмчилгээ тэдгээрийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний талаар үндсэн судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэстэй дүгнэлтүүд гарган дээрх аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлжээ. Зүрхний хэм алдагдал, зүрхний дамжуулах замын хоригоос зүрхний агшилтын тоо удааширсан өвчтөнд “цахилгаан идэвхижүүлэгч” (пейсмекер) суулгах ажлыг практикт нэвтрүүлжээ. Зүрхний төрөлхийн ба олдмол хавсарсан, хүндэрсэн гажгуудыг эрт оношлох, зүрхний титэм судасны эмгэгийг ангиографийн аргаар оношлох, мэс заслын дараах эдгэрэлтийн үр дүнгийн үнэлгээний чиглэлээр судалгаа явуулж, Австрали улсын Сидней хотын зүрх судасны мэс заслын төвтэй хамтран зүрхний титэм судасны мэс заслыг анх Монголд хийснээр дээрх аргачлалаар жилд дунджаар 1000 гаруй ажилбар гүйцэтгэж байна.