ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН СУДАЛГАА

✅️“Эрдсийн баяжмал долооц үйлдвэрлэх” инновацийн төсөл (2014-2016)”-ийн хүрээнд “Бүх төрлийн малд зориулсан уураг эрдсийн долооц”, “Царгастай уураг эрдсийн долооц”, “Халгайтай уураг эрдсийн долооц” зэргийг бий болгосон. Уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр нутгийн үхэр, сарлагийн үнээний сүүний гарцыг 15-20 хувиар, хаврын улиралд үхэр, хонь, ямааны амьдын жингийн бууралтыг 10-аас доошгүй хувиар багасгаж, хөөвөр, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлжээ.
✅️“Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх” инновацийн төсөл (2017-2019)-ийн хүрээнд бий болсон тэжээл нь өвөл, хаврын улиралд намар авсан амьдын жингийг хадгалах, нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Уг тэжээлийн химийн найрлага нь 18, 20, 22 хувийн протейны агууламжтай бөгөөд төрөл бүрийн малд зориулан 3 төрлийн жор боловсруулсан байна. Эдгээр жор нь Монгол Улсын MNS 2607:2008 стандарт бүхий бүрэн найрлагат багсармал тэжээлтэй харьцуулахад 5.8-9.5 хувиар протейны агууламж ихтэй, 2.5-2.9 хувиар эслэг багатай байна.
✅️Бэлчээр тэжээлийн салбарын эрдэмтэн судлаачид энэхүү хугацаанд холимог, багсармал тэжээлийн 50, эрдсийн 10 гаруй жорыг боловсруулж, нэвтрүүлжээ. Махны чиглэлийн өсвөр үхэрт зориулсан уураг, эрдэс бодисоор баялаг багсармал тэжээл, Саалийн үнээнд зориулсан уураг, эрдэс бодисоор баяжуулсан тэжээл, Мах-өөхний гахайд зориулсан уураг, эрдэс бодисоор баяжуулсан багсармал тэжээл, Өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээл, Зөгийнд зориулсан уурагт нэмэгдэл тэжээл, Сүү орлох тэжээлийг үйлдвэрлэн борлуулж байна.
✅️Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон олон наст ургамлыг сонгон шалгаруулах, тарималжуулах, нутагшуулах чиглэлээр олон жил судалгаа хийж, гадаадын20 гаруй сортын ургамлыг нутагшуулж, 12 сортын ургамлыг шинээр бий болгож, тариалах агротехникийг боловсруулан үрийг нь үржүүлж байна.
Хуваалцах
Хуваалцах: