Монгол Улсын түүх. Таван боть зохиол. УБ., 2003

✅️I боть (437 тал), II боть (412 тал), III боть (220 тал), IVботь (420 тал), Y боть (501 тал) Нийт 1990 тал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн 1999 оны 1 сарын 19-ны зарлигийн дагуу үндэсний түүхч 30 гаруй эрдэмтдийн туурвисан энэхүү бүтээл нь Монголын ард түмний түүхийг нэн эртнээс эдүгээ хүртэл улируулан судалсан
суурь судалгааны томоохон бүтээл, Монгол улсын албан түүх болно. Энэхүү бүтээлд өмнөх гурван боть гарсан 1960-аад оны дунд үеэс хойших дэлхийн монгол судлалын ололт амжилтыг тусгаж, өмнөх түүх бичлэгийн алдааг залруулах замаар эх түүхээ бүхэлд нь дэлгэрүүлэн өгүүлжээ.
✅️Монголын эзэнт гүрний түүхийн таван боть. УБ.,2006 Нийт 971 тал
1. Ч.Далай. “Их Монгол улс” .УБ., 2006. (322 тал)
2. С.Цолмон. “Монголын Алтан Ордон улс”. УБ.,2006 (168 тал)
3. Ц.Энхчимэг. “Монголын Цагадайн улс”. УБ.,2006 (158 тал)
4. Д.Анхбаяр. “Монголын Эл хант улс”. УБ.,2006 (138 тал)
5. Ж.Ганболд, Д.Наран, Т.Мөнхцэцэг, А.Пунсаг “Монголын Юан улс”. УБ.,2006 (184 тал)
✅️Монголын Эзэнт Гүрний түүхийн таван боть нь Монголын түүх бичлэгт анх удаа Монголын Эзэнт гүрний түүхийг бүхэлд нь хамран өгүүлсэн бүтээл болсон бөгөөд 1990-ээд оноос өмнө Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын байлдан дагууллын үр дүнд тогтсон Эзэнт гүрний түүхийг Монголын түүхийн нэг болон гурван боть зохиол, нэгэн сэдэвт судалгааны бүтээлүүдэд маш товч, дурдах төдий өгүүлдэг байв.
✅️Шинээр туурвисан таван боть зохиол нь Монголын Эзэнт гүрэн нь нэгдсэн захиргаатай, нэгэн улс байсныг түүхийн баримтад тулгуурлан бүхэлд нь гаргаж тавьснаараа онцлогтой.
Монголын Эзэнт Гүрний түүхийн таван боть зохиолын шинэлэг тал нь:
нэгд, Монголын Эзэнт гүрний түүхийг бүрэлдэхүүн улсуудынх нь түүхтэй нэгэн
бүхэллэг болгон авч үзсэнээрээ Монголын Эзэнт гүрэн нь өвөр хоорондоо эв нэгдэлгүй биеэ даасан улсууд бус, харин монгол төрийн бодлогод зангидагдсан нэгэн бүхэл улс байсныг гаргаж тавьсан, хоёрт, олон хэлний сурвалж хэрэглэгдэхүүнээс Монголын түүхэнд холбогдох түүхийн шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнүүдийг судалгааны эргэлтэд оруулсан, гуравт, судалгааны шинэлэг дүгнэлт, чиглэлийг Монголын Эзэнт гүрний түүхийн судалгаанд оруулсанд оршино.
Хуваалцах
Хуваалцах: