“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЯН”-ЫГ ӨМНӨГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

Шинжлэх ухаан, технологийн сан нь судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг орон нутагт таниулах, түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээний аяныг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.      

Энэхүү ажлын эхлэлийг тавьж “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЯН”-ыг БШУЯам, ШУА, СЭЗИС, МУИС, ШУТИС, ХААИС болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Инноваци технологийн төвтэй хамтран 2022 оны 01 сарын 21-22 өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгууллаа.

Аяны үйл ажиллагаанд БШУЯамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Баттогтох, ЗГ-ын тусгай сан-Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Шинжлэх ухааны академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Инноваци технологийн төвийн гүйцэтгэх захирал Б.Баяржавхлан, Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Б.Мөнхбаяр, ШУА-ийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх,  ШУТСангийн хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ, ШУА-ийн удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Сувданцэцэг зэрэг албаны хүмүүс төлөөлөгчид оролцлоо. 

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян”-ны хүрээнд эхний өдөр “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн-Ингэний айрагны баяр-2022” экспо үзэсгэлэнг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамт зохион байгуулав.  

Экспо үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 17 байгууллагын судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон ном бүтээл, хүн, малын урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, уламжлалт эм тан, биологийн идэвхт бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл, ахуйн нөхцөлд хэрэглэх боломжтой төрөл бүрийн эфирийн тос, агаар үнэртүүлэгч, био хэт хүчиллэг ус,  ургамал хамгааллын бодис, хөрсний төрөл бүрийн бордоо, байгалийн ховор чулуугаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс зэрэг 100 гаруй нэр төрлийн  бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Энэ үеэр орон нутгийн иргэд сонирхсон бүтээгдэхүүний талаар эрдэмтэн, судлаачдаас мэдээлэл авч худалдан авалт, захиалгууд хийгдсэн.

Аяны 2 дахь өдөр “Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Зочин илтгэлээр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.  

  • “Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал” БШУЯамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Баттогтох,
  • “Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, орон нутгуудтай хамтран ажиллах санал” ШУТСангийн захирал, доктор Д.Одгэрэл,
  • “Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын танилцуулга” Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ,
  • “Шинжлэх ухаан ба инноваци” ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, ШУА-ийн УТГазрын дарга доктор н.Сувданцэцэг, 
  • “Өмнөговь аймгийн цөлжилт, газрын доройтлын талаарх мэдээлэл” Өмнөговь аймгийн БОАЖГазрын дарга н.Отгонмөнх,
  • “Малын гаралтай түүхий эдийг ашиглах боломж” ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш доктор, профессор С.Төгс,
  • “Бүс нутагт инновацийн тогтолцоог бүрдүүлэх нь” ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Баасандаш нар илтгэл тавилаа.  

Эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд зориулж эрдэм шинжилгээний байгууллагуудаас 35 илтгэлийн санал ирүүлснээс шилдэг 11 илтгэлийг Өмнөговь аймгийн салбарын удирдлагууд болон нутгийн иргэд, олон нийтэд танилцуулсан. Үүнд: 

  • Өмнөговь аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Зандраагомбо, Б.Баярсайхан, Д.Хишигжаргал нар,  
  • “Ашигтай бичил биетний технологийг Өмнөговь аймагт ашиглах боломж” ШУА-ийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх, 
  • “Уул уурхайн ашиглалт, ундны усны чанар, малын гаралтай хаягдлыг боловсруулах хими-технологийн судалгааны үр дүнгээс” ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Аззаяа, 
  • “Өмнөговь аймагт зөгийн аж ахуй эрхлэх боломжийг судалсан нь” Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Болдбаатар, Д.Ууганбаяр Д.Уламбаяр нар,  
  • “Санхүү эдийн засгийн бүтээж буй инновацийн экосистем, туршлага үр дүн” СЭЗИС-ийн захирал Б.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Ю.Хорлоо нар, 
  • “Ингэний цэгээний хүнс-биологийн үнэт чанарын судалсан дүнгээс” ШУТИС-ийн багш, доктор О.Гансайхан, 
  • “Бордвор бэлдмэлийг малын өвчнөөс сэргийлэх ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэх боломж” Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэмтэн, академич, доктор, профессор Я.Ганболд,
  • “Говийн бүсэд Агро ойн аж ахуй хөгжүүлэх боломж, хүрсэн үр дүнгээс” ХААИС-ийн багш доктор Т.Насанжаргал, 
  • “Хөрсөн бортогонд мод үржүүлж тарих” ХААИС-ийн багш, доктор Д.Баатархүү, Б.Мөнхбат нар, 
  • “Ингэний хоормогоос сүүн хүчлийн бактерийн цусны даралт бууруулах идэвхийн судалгаа” ХААИС-ийн багш, доктор Э.Ууганцэцэг /цахимаар/, 
  • “Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнийн говь” ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн Б.Майнбаяр нар илтгэл тавилаа. 

Зочин илтгэлийн бүрэн эхийг ШУТСангийн пэйж хуудаснаас үзэж танилцана уу. https://www.facebook.com/mongolianfoundationforscienceandtechnology/posts/301245672030324 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр уригдсан ЭШБайгууллагын төлөөллүүд Өмнөговь аймгийн Засаг дарга, ЗДТГ-тай хамтран ажиллах ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж талууд харилцааны шинэ түвшинд очих эхлэлийг тавьсан ач холбогдол өндөртэй хурал болсныг дурдах нь зүйтэй байна. Үүнд: 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн;

  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цэвэрлэх байгууламжийн хаягдал ус боловсруулах үйлдвэрийн цэвэрлэгдсэн буюу саарал усыг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж хүргүүлэх санал,
  • Өмнөговь аймгийн ундны усны чанарыг сайжруулах, усанд агуулагддаг хүнд металл бууруулах технологи нэвтрүүлэх санал,

ШУА-ийн Технологийн инкубатор төв; 

  • Өмнөговь аймгийн хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүйг технологийн судалгааны хүрээнд хамтарсан төсөл хийх санал,
  • Ашигтай бичил биетний “Био эко” бэлдмэлийг ашиглан Өмнөговь аймгийн гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутган халдваргүйжүүлэх бохирдлыг бууруулах, үнэр дарах, цэвэршүүлэх зорилгоор иргэдэд бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах санал,
  • Уул уурхайн төвлөрсөн суурьшлын бүс дэх хөрсний нөхөн сэргээлтийг хийх, бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах, бохир усны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санал,

ШУТИСургуулийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн;

  • Өмнөговь аймгийн сумуудад үслэг арьс, шир боловсруулах жижиг оврын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хамтарч ажиллах санал,

ХААИСургууль;

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагтай Агро ойн чиглэлээр зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах саналаа тус тус илэрхийлсэн.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД :

Засгийн газрын тусгай сан-Шинжлэх ухаан, технологийн сан, Өмнөговь аймгийн Засаг дарга хоорондын хамтран ажиллах санамж бичиг, Шинжлэх ухааны академи, Өмнөговь аймгийн Засаг дарга хоорондын хамтран ажиллах санамж бичгийг тус тус үзэглэсэн нь: Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг орон нутагт нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн дүлхэц болохуйц ажлууд цаашид хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Үүнд:

  • Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, тэргүүлэх чиглэл холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Төсөл хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд шинжлэх ухаан, технологи инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг сурталчлан таниулах;
  • Хамтарсан хурал зөвлөгөөн, үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах;
  • Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлыг зохион байгуулах, инновацийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллийн санг хамтран байгуулах, ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавилаа.

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян”-ны үйл ажиллагаанд хамтран ажилласан нийт эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд болон #Боловсрол, шинжлэх ухааны яам, #Шинжлэх ухааны академи болон Өмнөговь аймгийн удирдлагууд, судлаач мэргэжилтнүүддээ ТАЛАРХАЛ илэрхийлье. 

Үзэсгэлэнд оролцсон байгууллагууд 

#Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, 

#Мал эмнэлгийн хүрээлэн,  

#Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн,  

#Анагаах ухааны хүрээлэн, 

#Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн  

#Уул уурхайн хүрээлэн, 

#Ургамал газар тариалангийн хүрээлэн,

#Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, 

#ШУА-ийн Геологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Философийн хүрээлэн, 

#ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбар, 

#ШУА-ийн Биологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Технологийн инкубатор, 

#ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, 

#ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, 

#ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, 

#ШУА-ийн Археологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, 

#ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, 

#Эко технологийн хүрээлэн. 

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэм шинжилгээний байгууллагууд  

 #Ургамал газар тариалангийн хүрээлэн, 

#Мал эмнэлгийн хүрээлэн,

#ШУА-ийн Технологийн инкубатор төв, 

#ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 

#ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн,  

#Санхүү эдийн засгийн их сургууль,  

#Шинжлэх ухаан, технологийн их сургууль, 

#Хөдөө аж ахуйн их сургуулиуд болно.

Экспо үзэсгэлэнгийн зургаас…

 

   ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Хуваалцах
Хуваалцах: