СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХАД САЛБАР, САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ ХАМТАРСАН БАГААР АЖИЛЛАНА

Шинжлэх ухаан, технологийн сан, Санхүү, эдийн засгийн сургуулийн төлөөллүүд хоёр талт хамтын ажиллагааны боломжууд, тэдгээрийг өргөжүүлэх талаарх уулзалтыг 2022 оны 1 дугаар сарын 10-нд зохион байгууллаа.

Төр-хувийн хэвшлийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компанийн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын бүтээмж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад нэн шаардлагатай салбар дундын судалгааг хөгжүүлэх, боломж, гарц, шийдлийн талаар харилцан санал солилцов.

Тухайлбал:

  • Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүн, технологийг гадаад, дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд эдийн засаг, маркетинг, менежментийн салбар дундын судалгааг хөгжүүлэх;
  • Салбар, салбар дундын  захиалгат судалгааг өргөжүүлэх;
  • Олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болох хүрээнд нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бий болгох;
  • Ахисан түвшний сургалтын сэдвийг эрдэм шинжилгээний ажлуудтай уялдуулах зэргээр салбар, салбар дундын судалгааны хамтарсан баг ажиллуулж, дунд хугацааны төлөвлөгөөний дагуу хамтран хэрэгжүүлэх болов.

Хоёр байгууллагын хоёр дахь удаагийн жил хэрэгч уулзалтын дараа тус их сургуулийн дэргэдэх “Нейро-лаборатори” болон судлаач багш нарын байгуулсан гарааны компанийн үйл ажиллагаатай танилцав.

 

Хуваалцах
Хуваалцах: