ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САНТАЙ 2026 ОНООС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

1. Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан (РНФ) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2026 оноос хамтран хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн уралдааныг зарлаж байна:

–   Төсөл хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 17:00 цаг хүртэл

–   Төсөл хэрэгжих хугацаа: 3 жил

–    Монголын талын төслийн санхүүжилт:  80,000,000 төгрөг хүртэл

Сонгон шалгаруулалтын зорилго: хамтарсан суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Оросын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол судлаачдын Олон улсад хэвлэн нийтлүүлэх бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх.

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГААС ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын дагуу сонгон шалгаруулна.

Оросын талын төслийн сонгон шалгаруулалт, төсөлд тавигдах шаардлагыг Оросын Холбооны Улсын Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан (РНФ) тогтооно.

2. Төсөл хэрэгжүүлэгч

2.1. Төслийн удирдагч, төсөл хэрэгжүүлэгч нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”-д заасан шаардлагыг хангасан байна.

2.2. Төслийн удирдагч нэг, төсөл хэрэгжүүлэгч нь хоёроос дээш төсөлд оролцож болохгүй.

2.3. Төсөл мэдүүлэх үед Оросын Холбооны Улсын холбогдох байгууллагуудтай өмнө хэрэгжүүлсэн төслийн тайланг хугацаандаа өгөөгүй байгаа төслийн удирдагч шинээр төсөл мэдүүлэх эрхгүй болно.

2.4. Төслийн удирдагч нь багийн гишүүдийг төлөөлж төсөл мэдүүлэх ба төсөл сонгон шалгарсан тохиолдолд төслийн багийг төлөөлж захиалагчтай харьцах, гэрээ байгуулах, төслийн явцын болон эцсийн үр дүнг тайлагнах, төсөлтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдийн өмнө төлөөлж үүрэг, хариуцлага хүлээнэ.

2.5. Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн нь төслийн бүрэлдэхүүнд орохдоо дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна:

2.5.1. Сонгон шалгаруулалтын нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байна;

2.5.2. Төслийн агуулга нь өмнө хийж байсан судалгааны ажлын агуулгатай ижил байж болохгүйгээс гадна улсын болон арилжааны нууцад хамаарах мэдээлэл агуулаагүй байна;

2.5.3. Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнтэй танилцсан байна;

2.5.4. Шинжлэх ухаан, технологийн сангийн Судлаачын мэдээллийн сан /researcher.stf.gov.mn/-д бүртгүүлсэн байх ба төсөл мэдүүлэх үеийн мэдээлэл бүрэн бөгөөд шинэчлэгдсэн байвал зохино;

2.5.5. Цахим хуудсанд бүртгүүлсэн мэдээлэл болон 2.5.4-т заасан мэдээллийг төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байх.

3. Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага

3.1. Монголын талын төслийн саналыг ЭЗХЯ, Оросын Холбооны Улсын талын төслийн саналыг РНФ тус тус хүлээн авна.

3.2. Хоёр талын судлаачид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна.

3.3. Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн суурь судалгааны төсөл байх ба дараах салбаруудад хэрэгжинэ:

(01) математик, мэдээлэл зүй ба системийн, / математика, информатика и науки о системах;

(02) физик болон сансар судлал, / физика и науки о космосе;

(03) хими болон материал судлал, / химия и науки о материалах;

(04) амьдралын шинжлэх ухаан /науки о жизни/;

(05) анагаах ухаан, / фундаментальные исследования для медицины;

(06) хөдөө аж ахуй, / сельскохозяйственные науки;

(07) дэлхий судлал, / науки о Земле;

(08) хүмүүнлэг болон нийгэм, / гуманитарные и социальные науки;

(09) инженер, / инженерные науки.

3.4. Төслийн нэрийг монгол, англи хэлээр бичих ба англи нэр нь оросын талд мэдүүлсэнтэй ижил байна.

3.5. Төслийн өртөг, зардлыг “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.

3.6. Төслийг цахим хэлбэрээр https://project.stf.gov.mn/  хуудсаар мэдүүлнэ. Оросын талд бүртгүүлсэн төслийн хувийг хавсаргаж болно.

3.7. Төслийн мэдүүлгийг дээрх цахим хуудсаар нэг удаа бүртгүүлэх ба “хадгалах” товчийг дарснаар бүртгэлийн дугаар олгогдоно. Төслийн мэдээллийг бүрэн оруулж, нягталсаны дараа “илгээх” товчийг дарснаар сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ.

3.8. Төслийн агуулга нь төсвийн санхүүжилт болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдтэй агуулгын хувьд ижил байж болохгүй.

4. Төслийн сонгон шалгаруулалт

4.1. Монголын талд бүртгүүлсэн төслийг сонгон шалгаруулалтад дараах тохиолдолд оролцуулахгүй:

– энэхүү зард дурдсан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй,

–  Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан (РНФ) төслийг бүртгэхээс татгалзсан,

– төслийн хамтрагч талын удирдагч төслийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан (РНФ) -д тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй.

4.2. Төслийн сонгон шалгаруулалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сангийн өөрсдийн холбогдох журмын дагуу тусдаа явуулна.

4.3. Хоёр талын эхний сонгон шалгаруулалтад харилцан тэнцээгүй төслийг хоёр талын эцсийн сонгон шалгаруулалтад оруулахгүй.

4.4. Хоёр талын бие даасан сонгон шалгаруулалтын дүнг харгалзан эцсийн шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан хамтран гаргана.

4.5. Төсөл хэрэгжүүлэгч, төслийн мэдүүлэг болон сонгон шалгаруулалтын мэдээлэл нууц байна.

4.6. Эдийн засаг, хөгжлийн яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сангийн хамтарсан шийдвэрээр дэмжигдсэн төслийн удирдагч нарт цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн талаар мэдэгдэнэ.

4.7. Сонгон шалгаруулалтад тэнцсэн төслийн удирдагчид төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдоно.

4.8. Хоёр талын дэмжлэг хүлээсэн, гэрээ байгуулсан төслийн тус тусын санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан тус тус хариуцна.

4.9. Төслийн санхүүжилтийг жилээр олгоно.

4.10. Явцын тайлангийн үр дүн болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сангийн явцын тайлангийн үр дүнг үндэслэн төслийг дараа жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх шийдвэрийг гаргана.

4.11. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөс өмнө хамтрагч талын судлаачидтай хамтран олон улсын сэтгүүлд төслийн үр дүнгийн талаар нийтлүүлэх үүрэг хүлээнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхдээ Эдийн засаг, хөгжлийн яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сангийн дэмжлэгийг заавал дурдсан байна.

Бүртгэлийн цахим системтэй холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 11-315741 утсаар холбогдож авна уу.

Холбоо барих утас: 51-261734

Хуваалцах
Хуваалцах: