#4“САЛОФИТ” бэлдмэл
Нийлүүлэгч: Мал эмнэлгийн хүрээлэн
Шинэсэрхүү бударгана (загасгал), саримс, халгайн биологийн идэвхит бодисыг ялган авч өтгөрүүлэн этилийн спиртын 30% уусмалд найруулан хийсэн шингэн эм.
Эдийн засгийн ач холбогдол: Тухайн бэлдмэлийг мал, амьтанд хэрэглэхдээ 3-5 дахин шингэлж хэрэглэх тул тээвэрлэх, хадгалах, хэрэглэхэд овор хэмжээ бага. 1 шил буюу 50 мл бэлдмэл 150-250 мл болно. Иймээс бусад эмээс үнэ хямд, хэрэглэхэд хялбар болно.
Зориулалт: Зудын гамшгийн үед хэрэглэх боломжтой. Өлсгөлөнд нэрвэгдсэн ба тураалд орсон малын физиологийн хэвийн үйл ажиллагаа гүн хямралд орсноор өвс, тэжээл шингээх чадваргүй болдог. Энэ үед Салофит бэлдмэл нь тэжээл боловсруулах эрхтний алдагдсан үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж, хивэгч малын гүзээний микрофауныг ба ферментийг идэвхижүүлснээр тухайн малын идсэн өвс, тэжээлийг малын биед шингээж өгөх үйлдэлтэй. Иймээс өлсгөлөн ба тураалд орсон мал богино хугацаанд сэхэж, улмаар хэвийн байдалд орно.
Үр дүн: 1999-2000, 2000-2001 оны зудын гамшиг тохиолдсон Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь аймгуудын зарим сумын Мал эмнэлгийн захиалгаар 300-500 литр (үүнийг 3-5 дахин шингэлж хэрэглэнэ)-ийг үйлдвэрлэн нийлүүлж, орон нутагт танигдсан бэлдмэл юм.
#5”ТАМИР” тэжээлийн нэмэлт
Нийлүүлэгч: Мал эмнэлгийн хүрээлэн
Байгалийн цэвэр нэгдэл цеолит, натри, хлор, иод, кали, зэс, кобальтаар баяжуулан гаргаж авсан, малын эрдсийн солилцооны эмгэгээс сэргийлэх, эмчлэх, физиологийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлдэл бүхий бэлдмэл.
Найрлага: Овъёос, эрдэнэ шиш, хивэг, давс, цеолит, бичил язгуур махбодь (зэс, иод, магни, кобальт)
Зориулалт: Турж эцсэн, бодис солилцоо, хямарсан, ус эрдсийн дутагдалд орсон мал эмчлэх сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Тэжээл, устай хольж сэргийлэх зорилгоор хонь, ямаанд, 100 гр, үхэр адуунд 500 гр, эмчлэх зорилгоор хонь, ямаанд 200 гр, үхэр адуунд 1000 гр тус тус амаар олгоно.
#6“СТЕЛЛЕРОЛ” шархны түрхлэг
Нийлүүлэгч: Мал эмнэлгийн хүрээлэн
Одой далан түрүүний биологийн идэвхит бодис болох нийлбэр кумарин, флавноидот нэгдэл агуулсан, эмнэлгийн вазелин, загасны тосон суурьтай, сульфаниламид нэмэр болгосон тосон түрхлэг юм. Вешиневскийн тосон түрхлэгээ 0.3-3 дахин богино хугацаанд эдгэрүүлэхээс гадна өвдөлт намдаах үйлчилгээгээрээ давуу болно.
Эдийн засгийн ач холбогдол: Стеллерол шархны тос нь 24 цагт 1 удаа эмчилгээ хийгдэх тул бусад ижил төстэй түрхлэгүүдээс 2-4 дахин хэмнэлттэй тул үнэ хямд болно.
Хэрэглэх заалт: Малын төрөл бүрийн шарх, түлэгдэлт ба хөлдөлтийн шарх, үхжилт, үеийн ба зөөлөн эд, шөрмөс, шандасны битүү гэмтэл, туяаны болон арьсны хавдар, харшилын үрэвсэлт шарх, чоно, нохойнд хазуулсан шарх зэрэгт хэрэглэнэ.
Зудын үед цас хатууран хөрлөснөөр мал бэлчээрлэх үед тэдгээрийн хошуу, турууны зэтэр, шилбэний арьс шалбарч шархлах, хөлдөлтийн шалтгаантай шарх, үхжил, хавдарт, мөн гал түймрийн түлэгдэлтэд түрхэнэ.
Үр дүн: 1998, 1999-2000, 2000-2001, 2016-2017 оны зудын гамшиг тохиолдсон Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс аймгуудад хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэгдэж байсан. 2016 оны хээрийн түймэрт нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд тусламжаар 1000 ширхэг савыг нийлүүлж, түлэгдсэн бод, бог малыг эмчлэн эдгэрүүлж байв.