
Монгол Улсын анхны үндэсний атласыг 1990 онд монгол, орос хэл дээр дараагийн үндэсний атласыг 2009 онд монгол хэл дээр хэвлүүлсэн бол 2022 онд англи орчуулгатайгаар шинэчлэн боловсруулж хэвлүүлжээ. Энэхүү шинэчлэн хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-т 1:2 000 000, 1:5 000 000, 1:10 000 000, 1:12 000 000, 1:15 000 000-ын масштабтай 246 сэдэвчилсэн газрын зургууд орсон бөгөөд эдгээр зургийн эхийг боловсруулахдаа сүүлийн үеийн статистикийн тоо мэдээ, холбогдох яам, албан байгууллагуудаас авсан мэдээ баримт, шинэхэн судалгааны зарим үр дүн болон өмнөх үндэсний атласуудад хэвлэгдсэн зургуудыг эх сурвалж болгон ашигласан байна. Атласын зургуудыг зохиох, хянан засварлах, хэвлэлд бэлтгэж цэгцлэх ажилд эрдэм шинжилгээний болон төрийн, төрийн бус 30 шахам байгууллагын 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон. “Монгол Улсын Үндэсний Атлас” нь улс үндэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэгэн баталгаа болохын зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлах, олон нийт, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.