МОНГОЛ ИННОВАЦИ…№4

🌱Улсын хөгжил шинжлэх ухаанаас эхтэй…
🔎МОНГОЛ ИННОВАЦИ…№4
Эх сурвалж: times.mn
🌐Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны баг дэлхийн хэмжээнд сүүлийн 20-30 жилд гаргаагүй адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн цэвэр өсгөвөр болон геномын бүтэн дарааллыг тодорхойлж, өндөр технологийн аргаар хурдавчилсан болон ЭЛИЗА урвалын оношлууруудыг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
🌐Одоогийн байдлаар гадаадын хэд хэдэн орноос өвчнийг эрт үед илрүүлэх оношлууруудыг Монгол Улсаас худалдан авах захиалга ирсээр байна.
🌐Манай улс дөрвөн сая орчим адуутай ч сүүлийн жилүүдэд адууны нийлүүлгийн өвчний халдвар эрсдэл дагуулах болсон. Энэхүү өвчний халдвар авсан адууны 50-70 хувь нь үхэж хорогддог учраас эдийн засгийн асар их хохирол учруулдаг.
🌐Уг өвчний үүсгэгчийг 2013 онд илрүүлж, 2014-2019 онд ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлж өвчний тархалтын судалгааг орон даяар эрчимтэй явуулсны үр дүнд тархалтын зураглал, хурдавчилсан болон ЭЛИЗА урвалын оношлууруудыг гаргаж, уг өвчинтэй тэмцэх арга аргачлал, заавар журмыг боловсруулах зэрэг мал эмнэлэгт нэвтрэх үр өгөөжтэй цогц ажлуудыг гүйцэтгэжээ. Ингэснээр дээрх өвчний тархалт буурч байгаа сайн мэдээтэй.
🌐Уг өвчнийг эрт илрүүлж оношлоод эмчлэх, азаргыг засах, эсвэл хэрэгцээлэх замаар үржилд ашиглахгүйгээр адуун сүргээ эрүүлжүүлэх бүрэн боломжтой болсон байна. Учир нь энэ өвчин зөвхөн нийлүүлгийн замаар дамжин халдварладаг, битүү туурайтан амьтан өвчилдөг байна.
🌐ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн хурдавчилсан шинжилгээний оношлуур болон уг өвчний халдвар авсан эсэхийг баталгаажуулах шинжилгээ хийдэг Элиза урвалын цомгуудыг ч хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн Мал эмнэлгийн дотоодын оношилгооны лабораториуд, мал эмнэлгийн байгууллагуудыг 100 хувь хангаж байна.
🌐Хурдавчилсан оношлуурыг өвчнийг илрүүлэх, өвчтэй эсэхийг оношлох шинжилгээнд ашиглаж байна. Харин Элиза урвалаар онош баталгаажуулах, халдвар авсан эсэхийг тодорхойлоход ашигладаг байна. Хэрвээ хурдавчилсан тест-оношлуураар адуу өвчтэй гарвал сүргийн бүх үржлийн адууг элиза урвалаар шинжлүүлэх улмаар 6 сарын дараа давтан шинжлүүлэх шаардлагатай ажээ.

Хуваалцах
Хуваалцах: