ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА…

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;
  • төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
  • аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;
  • нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.

 Төсөл нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:     

  • инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;
  • хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
  • инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;
  • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл“-д нийцсэн байх;
  • инновацийн төслийг Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх;
  • зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;
  • төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;
  • бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.

 Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна:     

  • инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;
  • түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.

Төслийн материал хүлээн авах:

Грантад нэр дэвшүүлэх хүсэлт гаргагч этгээд нь доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн  цаасаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт болон  цахимаар /project.stf.gov.mn/ 2024 оны 05 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ. Үүнд:

  • Грантад нэр дэвших тухай албан хүсэлт;
  • Төслийн нэр;
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа (эхлэх, дуусах он, сар, өдөр);
  • Төсөл санаачлагчийн болон төслийн талаарх танилцуулга;
  • Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөл;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;
  • Инновацийн төсөл бүртгүүлсэн тухай тодорхойлолт эсхүл Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор баталсан “Инновацийн төсөл бүртгэх журам”-ын дагуу инновацийн төсөл бүртгүүлэх тухай хүсэлт болон дээрх журмын 2.3.3, 2.3.4, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.11, 2.3.12-д заасан баримт бичиг;
  • Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилт;
  • Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;
  • Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо;
  • Төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөө /зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)/;
  • Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн талаарх баримт бичиг;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт.

 Жич:

  • Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй;
  • Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй;
  • Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулах бөгөөд зөвхөн грантад шалгарсан төсөл санаачлагчид хариу мэдэгдэнэ.

       Холбоо барих утас: (51) 267131 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Хуваалцах
Хуваалцах: