Япон улсад 2019 оноос зохиогдож эхэлсэн “Deep Learning” тэмцээнийг Монгол улсад анх удаа “Deep Learning Competition Mongolia 2022” нэртэйгээр зохион байгуулж, сүүлчийн шатны шалгаруулалт Монгол улс, Япон улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн түүхэн өдөр буюу 2022 оны 02 сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар:
- Боловсрол, шинжлэх ухааны яам,
- Монголын технологийн коллежийн үндэсний холбоо,
- Японы үндэсний коосэн коллеж,
- Japan Deep Learning Association,
- ШУТИСургууль,
- МУИСургууль,
Хамтран зохион байгуулагчаар:
- Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТСан),
- ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар оролцлоо.
“Deep Learning Competition Mongolia 2022” тэмцээний үйл ажиллагааг ШУТСангийн захирал, доктор Д.Одгэрэл нээж мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол улсын мэдээлэл, харилцаа технологийн салбарын оюутан, сурагчид хиймэл оюун ухаан, “Deep learning” технологийн чиглэлээр сурагчдын суралцах хүсэл, тэмүүллийг нэмэгдүүлэх төдийгүй бүс нутгийн боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол юм.
Оролцогч багууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг технологийн шийдэл ашиглан хамгийн үр дүнтэй, цогц байдлаар хялбар шийдэх шийдлийг олж, гарааны бизнесийг бий болгох эко системийг бүрдүүлж байгаа нь нийгэмд үр өгөөжтэй тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн 13 баг дэвшилтэд технологийг ашиглан өөрсдийн шилдэг санаа, бизнес шийдлийг бодит бүтээл болгон өрсөлдөж шилдэг 3 баг шалгарсан.
Шилдэг 3 багийн бүтээлээс онцолбол:
Тэмцээний 1 дүгээр байрт: “Томүжин” алтернатив ахлах сургуулийн Д.Соронзонболд багш, удирдагчтай AI rookies “Царай мэдрэх технологи ашиглан хичээлийн ирц авах аппликейшн” бүтээлээр шалгарч 6 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн.
Бүтээлийн шинэлэг тал нь: сурагчдын царайг таньж хичээлийн ирц бүртгэх бөгөөд хичээлийн цаг тутамд багш эсвэл ангийн дарга утсаараа ангийн сурагчдыг зургийг авч ирцээ бүртгэнэ. Энэ нь багшийн ажлыг цагийг хэмнэж, сурагчдын хичээлдээ төвлөрөх төвлөрлийг сайжруулж цаг ашиглалтыг сайжруулах зэрэг давуу талтай бүтээл болжээ. Зургаас царайг ялгаж авах, танихад deep learning-ийг ашигласан байна.
Тэмцээний 2 дугаар байрт: Монгол Коосэн Технологийн Коллежийн Ж.Оюундарь багш, удирдагчтай Mk1 баг “Ухаалаг дохионы хэл хөрвүүлэгч” бүтээлээр шалгарч 3 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн.
Бүтээлийн шинэлэг тал нь: “Ихэнх хүмүүс дохионы хэл мэдэхгүй учраас сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгэмд оролцоход олон асуудлууд тулгардаг. Жишээлбэл сонсголын бэрхшээлтэй хүмүүс дэлгүүр, эмнэлэг, хотын захиргаа, банк гэх мэт байгууллагуудаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байдлыг энэхүү төхөөрөмж бага ч болов шийдвэрлэнэ. Ажиллах зарчим нь төхөөрөмж дээрх камераар дохионы хэлээр ярьж буй хүний бичлэгийг авч, дохионы хэлийг нь текст болгон хувиргаж дохионы хэл мэдэхгүй болон харилцан ярьж буй хүнд текст болгон хөрвүүлнэ. Үүнээс гадна хэл хөрвүүлэгч цэс мөн байна. Улс бүрийн дохионы хэл өөр байдаг бөгөөд манай төхөөрөмжийн тусламжтайгаар өөр улсын хүмүүс байсан ч хоорондоо ойлголцох боломжтой юм. Өөрийн орны дохионы хэлийг ашиглан, харилцагч талын ойлгох улсын хэлийг сонгож, гадаад хэл хооронд хөрвүүлж өгнө.
Тэмцээний 3 дугаар байрт: ШУТИС-Коосэн Технологийн коллежийн сургуулийн Ж.Цанжидхүү багш, удирдагчаар удирдуулсан “D-Line” “Чацарганын талбайн шувуу үргээгч төхөөрөмж” бүтээлээр шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн.
Бүтээлийн шинэлэг тал нь: Манай оронд таван мянган га талбайд чацаргана жимс тариалдаг. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол нэг га талбайгаас 4 тонн, нэг тонн жимсний зах зээлийн дундаж өртөг нь 7 сая төгрөг гэвэл жилд манай улс 140 тэрбум төгрөгийн чацаргана жимс хураан авдаг байна. Тэгвэл дээрх мөнгөн дүнг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.
Чацаргана жимс нь болц гүйцсэн үед хураахад хүндрэлтэй, цаг агаарын нөхцөл зэргээс шалтгаалан жил бүрийн 08 сарын 20-ноос 12 сарын 20-ны хооронд хураалт үргэлжилдэг бөгөөд дээрх хугацаанд шувууд чацаргана жимсний нийт ургацын 20-50% -ыг идэж сүйтгэдэг талаар статистик мэдээлэл байна.
Чацарганын талбайд хяналтын камер бүхий автомат үргээгч төхөөрөмж суурилуулах юм. Талбайд шувуу орж ирэхийг камерын системээр хянах бөгөөд орж ирсэн нөхцөлд ультрасаунд, туршуул шувууны чимээ, айлгах чимээ /махчин шувууны хархираа/ гэсэн гурван аргачлалаар ээлжлэн үргээх технологи бүхий төхөөрөмж юм.
Бүтээлийн онцлог давуу тал нь нарны системээр тэжээгдэнэ, “D-Line” бүтээл нь шувууг дасгахгүй үргээх хэд хэдэн аргуудтай ба сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд байнга ажиллаж жимсний ургацад сөрөг нөлөө үзүүлэхгүй, яг шувуу байгаа нөхцөлд ажиллах горимтой учир өөр салбарт ч ашиглах бүрэн боломжтой. Жишээ нь: Нисэх онгоцны буудал, барилгын тохижилт, агуулах гэх мэт газруудад мөн ашиглах бүрэн боломжтой.
Гүн сургалтын аргыг камерын бодит хугацааны агшинд шувуу танихад ашиглана.
Тэмцээний видео бичлэгийг эндээс үзнэ үү.