Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга тэргүүтэй судлаачдын баг Сэлэнгэ аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ажиллаж байна.
Өнөөдөр тус арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд судалгааны 7 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;
Цэвэрлэх байгууламжийн хаягдал лаг боловсруулах;
Ундны усны бохирдлыг бууруулах технологи боловсруулах;
Рашааны химийн судалгаа;
Байгалийн нөөцийн боловсруулалт, ашиглалтын судалгаа;
Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг бууруулах судалгаа;
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан археологийн хайгуулын судалгааг тус тус хийх юм.
Мөн аяны үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж байна.