Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТСан) дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын өвчлөлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй даван туулахтай холбоотой хэрэгжүүлэх 5 төслийн эхний санхүүжилтийг 2020 оны эхний хагас жилд хуваарилсан ба үр дүнгийн гүйцэтгэлд үндэслэн гэрээнд тусгасан хуваарийн дагуу олгож байна.
ШУТСангийн санаачилга, Шинжлэх Ухааны Академийн дэмжлэгтэйгээр “Шинэ төрлийн коронавируст SAR-CoV2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвалын оношлуурын цомог боловсруулах” төслийн эхний шатны санхүүжилт нь шийдсэн. Тус төсөл дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархсан Ковид 19-ийн халдварыг илрүүлэх улмаар Монгол Улсын хүн амын дундах тархалтыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, халдварыг таслан зогсоох, эпидемиологийн судалгааны ач холбогдолтой, бодит үр дүн гарах төсөл юм.
Төслийн хэрэгжилтийн явцын 2020 оны 7 дугаар сарын 30-ны тайлангаар эрдэмтдийн баг хүний цус, сийвэнд SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн аргаар богино хугацаанд гарган авсан байна.
Уг оношлуур хүний цус, сийвэнд SARS-CoV2 вирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлдгээрээ онцлогтой.
Шинжлэх ухааны үндэслэлтэй оюуны бүтээл болсон уг оношлуурыг цаашид дотооддоо үйлдвэрлэх, эрүүл мэндийн салбарын шинжилгээ, судалгаанд ашиглах бүрэн боломжтой бөгөөд вирусийн халдвараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ижил төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар ШУТСан нь өөрсдийн санаачилга, Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яамны захиалгаар COVID-19-тэй холбогдолтой дараах төслүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна:
- “Шинэ төрлийн коронавируст SAR-CoV2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвалын оношлуурын цомог боловсруулах
Захиалагч: Шинжлэх ухааны академи
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Гүйцэтгэгч: Биологийн хүрээлэн
Хэрэгжих хугацаа: 2020.04-2020.11
Хүрэх үр дүн:
- SARS-CoV2 вирусийн халдварын явцыг хянах;
- Ковид19 өвчний эмчилгээний үр дүнг хянах;
- Дээрх вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх;
- Тусгаарлалтад байх хүнийг сонгох (хэрэв уг вирусийн эсрэг дархлаатай; бол тусгаарлах шаардлагагүй)
- Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2 вирусийн дархлаатай эсэхийг мэдэх;
- SARS-CoV2 вирусийн эсрэг дархлаа тогтцыг хянах, судлах;
- Хүн амын дундах дархлаа тогтолцоо, “сүргийн” дархлааг тодорхойлох;
- Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болно.
2. “Эдийн засгийн системийн салбар хоорондын холбоосын математик шинжилгээ ба хэтийн төлөвийн тооцооны хувилбарууд”
Захиалагч: Үндэсний хөгжлийн газар
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Гүйцэтгэгч: “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” ТББ
Хэрэгжих хугацаа: 2019.06-2021.06
Хүрэх үр дүн:
- Итератив аргаар тэнцвэрт нийлүүлэлтийг тодорхойлох
- Шууд аргаар тэнцвэрт нийлүүлэлтийг тодорхойлох
- Тэнцвэрт үнийг тодорхойлох
- Салбар хоорондын холбоосын шинжилгээний цогц алгоритмыг боловсруулах
- Салбар хоорондын шинжилгээнд мэдлэгт тулгуурласан секторын эконометрик загварчлал
- Инноваци, мэдлэгийн сектор бүхий салбар хоорондын балансын матрицыг тооцох арга зүйг боловсруулах
- Төслийн эцсийн тайлан бичиж захиалагч, санхүүжүүлэгчид хүлээлгэн өгөх
3. “Монголд илэрсэн SARS-CoV-2 омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидемиологийн онцлогийг тогтоон, манай орны нөхцөлд тохирсон тандалт, сэргийлэлтийн аргачлал зөвлөмж гаргах”
Захиалагч: Эрүүл мэндийн яам
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Гүйцэтгэгч: Халдварт өвчин судлалын үндэсний төв
Хэрэгжих хугацаа: 2020.06-2021.12
Хүрэх үр дүн:
- COVID-19-ийн үүсгэгчийг илрүүлэх Монгол улсын нөхцөлд тохирсон нүклейн хүчилд суурилсан шинжилгээний арга;
- COVID-19 халдвараар өвчилсөн тохиолдолд вирус биед байж идэвхтэй халдвар тархаах хугацааг тогтоох;
- Монголд илэрсэн SARS-CoV-2 омгуудын геномын бүтцийг тодорхойлох;
- Манай улсад илэрсэн SARS-CoV-2 вирусийн омгуудын олон улсад идэвхтэй эргэлтэд байгаа омгуудтай жишсэн дендрограмм;
- 20-25 омгийн нүклеотидын дарааллыг генийн сан (Gen Вапк)-д оруулж, удмын хувьслыг харьцуулах;
- SARS-CoV-2 омгуудын эпидемиологийн онцлогийг тогтоож, онош, тандалт, сэргийлэлтийн аргачлал, зөвлөмж боловсруулах.
4. “Монгол улсад SARS-CoV-2-ийн голомтолсон халдварын геномын судалгаа”
Захиалагч: Эрүүл Мэндийн Яам
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Гүйцэтгэгч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Хэрэгжих хугацаа: 2020.06-2020.12
Хүрэх үр дүн:
- Монгол Улсад SARS-CoV-2 тархсан тохиолдолд гений дарааллыг тодорхойлж, гарал үүсэл, мутацийн хэв шинжийг илрүүлэх;
- SARS-CoV-2 вирус дээр олон улсад илрүүлсэн үндсэн 2 төрлийн мутаци болон бусад төрлийн мутацийг илрүүлж, харьцааг тодорхойлох.
5. “Манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын эмнэлзүйн судалгаа”
Захиалагч: Эрүүл мэндийн яам
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Гүйцэтгэгч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Хэрэгжих хугацаа: 2020.06-2020.12
Хүрэх үр дүн:
- Монгол Улсад бүртгэгдсэн SARS-CoV-2 шинэ вируст халдварын эмнэлзүй, эмчилгээ, цитокины өөрчлөлтийг судлах;
- SARS-CoV-2 шинэ вируст халдварт өртсөн өвчтөний болон халдварын нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэлзүйн судалгаа;
- Нийгмийн ноцтой байдал үүссэн үед халдварын өндөр эрсдэлт голомтын мэдээлэл цуглуулах технологи;
- SARS-CoV-2 шинэ вируст халдвартай нэг тохиолдолд зарцуулах эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийн тооцоолол дүн.