Шинжлэх ухаан 2024 сэтгүүл…
Та сайдаар томилогдсон даруйдаа “Манай улсын шинжлэх ухаан эдийн засагжаагүй, эдийн засаг шинжлэх ухаанжаагүй” гэж хэлж байсан санагдана. Тун ноцтой дүгнэлт. Ингэж хэлэх болсон шалтгаан юу байв?
Шинжлэх ухааны салбар аль ч улсад манлайлагч нь байх учиртай юм. Гэвч манайд тийм байсангүй. 1990-ээд оноосоо хойш ухарсан шинжтэй явж ирлээ. Энд би эрдэмтэн, судлаачдынхаа мэдлэгийг чамлаж байгаа хэрэг огт биш шүү. Ерөөсөө л энэ салбартаа төрөөс хандаж ирсэн хандлага нь тийм болчихсон байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд үүнийг засах гэж хичээж ажиллалаа. Угтаа бол манайх чинь Үндсэн хуульдаа хүртэл шинжлэх ухааны салбарыг онцгойлон анхаарч, шинжлэх
ухааны салбартаа тулгуурлаж улс орноо авч явна гээд заачихсан байдаг юм шүү дээ. Харамсалтай нь, Үндсэн хуулийн 38.2 дахь заалтыг аль ч Засгийн газар төдийлөн анхаарахгүй, шинжлэх ухааны салбараа хавсарга юм шиг авч явж ирсэн байна.
Үндсэн хуульд юу гэж заасан байдаг вэ?
Үндсэн хуулийн 38.2-ийн 2-д “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гээд Засгийн газрын бүрэн эрхэд тусгачихсан байдаг.
Энэ заалтаар бол төсвийн бодлогоос эхлээд Засгийн газрын бүхий л бодлого шийдвэр шинжлэх ухаанд тулгуурлан гарах ёстой гэсэн санаа юу?
Ерөнхийдөө тийм. Аль ч улс орон эхлээд эрдэмтэн, судлаачдадаа найдаж, тэднийхээ гаргасан бодлого зарчмыг боловсронгуй болгож явдаг юм байна. Нэгэнт л төрийн бодлогын анхдагч нь тэгж гардаг учраас шинжлэх ухааны салбартаа зарцуулж буй хөрөнгө нь ч өндөр дүнтэй байдаг. Улс орнууд дор хаяж ДНБ-нийхээ нэгээс хоёр хувийг шинжлэх ухаандаа зарцуулж байна. Гэтэл бид 0,1 хувь ч хүрэгхгүй мөнгийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Ийм санхүүжилт өгчихөөд далайцтай судалгааны үр дүн, инноваци, патент хүлээх нь өрөөсгөл. Гэхдээ манай эрдэмтэн судлаачид хэдий бага санхүүжилттэй ч дэлхийд үнэлэгдэх хэмжээнд ажиллаж байгааг хэлэх ёстой. Жилд Монгол эрдэмтдийн 1200 гаруй бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж, 20,000 гаруй удаа ишлэгдсэн байна. ДНБ-ийнхээ нэгээс хоёр хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулж байна. Гэтэл бид 0.1 хувьд ч хүрэхгүй мөнгийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Ийм санхүүжилт өгчихөөд далайцтай судалгааны үр дүн, инновац, патент хүлээх нь өрөөсгөл. Гэхдээ манай эрдэмтэн судлаачид хэдий бага санхүүжилттэй ч дэлхийд үнэлэгдэх хэмжээнд ажиллаж байгааг хэлэх ёстой. Жилд Монгол эрдэмтдийн 1200 гаруй бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж, 20000 гаруй удаа эшлэгдсэн байна. Сүүлийн 20 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 10 дахин өссөн, жилийн дундаж өсөлт нь дунджаар 9 хувьтай байна. Энэ бол манай эрдэмтдийн оюуны нөөц ямар өндөр түвшинд байгааг илтгэж байгаа юм. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нэг удаа “Бага зардлаар багагүй ажил хийдэг хүмүүс” гэж хэлсэн нь маш оносон тодорхойлолт гэж боддог.
Та сайдаар ажилласнаас хойш шинжлэх ухааны төсөв, санхүүг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авав. Энэ талаар тодруулж болох уу?
Цар тахлын хоёр жилд шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага зэрэг танагдсан тал бий. Хүлээн зөвшөөрнө. Хаа сайгүй л эрүүл мэнд, эдийн засаг гэсэн хоёр салбарт анхаарч байлаа шүү дээ. Харин 2023, 2024 оны улсын төсвийг батлахдаа ковидын өмнөх түвшинд нь хүргэсэн. Мөн үүнээс ч дутахгүй нэг шийдвэрийг гаргасан нь бид шинжлэх ухаан, технологийн санд менежмент, бодлогын тодорхой өөрчлөлтүүд хийж, суурь судалгааны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Цаашид хүрээлэн дангаараа судалгааны ажил хийх бус салбар дундын судалгаа зайлшгүй шаардлагатай байна. Тэр дундаа их, дээд сургуулиуд, хүрээлэнгүүдийн хамтын судалгаа, дундын нээлттэй лабораторийн тогтолцоог бий болгох нь чухал. Мөн бид шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн чадавхыг идэвхжүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр 2022 оны 107 дугаар тогтоол, 2024 оны 128 дугаар тогтоолоор алба хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн баталсан. Ингэснээр эрдэм шинжилгээний ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж, ур чадварт суурилсан цалин урамшууллын механизмыг бүрдүүлэх анхны алхам хийгдсэн гэж хэлж болно. Цаашид бид цалингийн фондоо өсгөж чадвал түүнд зохицуулан үр бүтээмжтэй ажиллаж буй ажилчдын цалинг хоёр дахин нэмэх боломжтой болно. Зарим хүрээлэнгүүд энэ зохицуулалтын хүрээнд бүтээмжтэй ажилтны цалингаа хоёр дахин нэмэгдүүлсэн сайн жишиг ч байна. Үнэхээр чиний бүтээл сайн байгаад, судалгаа нь үр дүнд хүрч амьдрал дээр хэрэгжвэл ахиу цалин авах боломжийг бий болгосон гэсэн үг. Тэгэхгүй бол манай эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин бага, мөн судалгаанд зарцуулж байгаа хөрөнгө ч хэмжээтэй байгаа шүү дээ.
Ер нь Монголд шинжлэх ухааны салбарт хэдэн хүн ажилладаг юм бэ. Нарийн тоо бий юү?
Байлгүй яахав. Гэхдээ Монгол гэхээсээ өмнө дэлхийн жишгийг эхлээд хэлэх нь зүйтэй байх. Олон улсад шинжлэх ухааны судалгааны чадамжийг нэг сая хүнд ногдох судлаачдын тоогоор илэрхийлдэг энэ тоо олон улс оронд дунджаар 1500-д хүрсэн. Манай улсын хувьд 380 судлаач ногдож байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага үзүүлэлт. Дээр нь эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс бага, ажиллах нөхцөл таатай бус, лабораторийн тоног төхөөрөмж, судалгаа боловсруулалтын ажлын санхүүжилт хангалтгүй учраас улам л багасах төлөвтэй байна. Залуу судлаачид тогтвор суурьшилтай ажиллахгүй хувийн сектор руу шилжих, гадаад улсыг зорих нь түгээмэл боллоо. Яагаад гэвэл, сүүлийн гурван жилд судалгаа хөгжүүлэлтэд зарцуулах санхүүжилт нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй. Нэгдсэн дүнгээрээ 12 тэрбум төгрөг буюу нэг судалгаанд зарцуулагдах дундаж санхүүжилт 19.8 сая төгрөг байна. Би Австрали улсад ажиллаад ирсэн. Тэнд ажиллаж байгаа судлаач жилийн 60-80 мянган австрали долларын санхүүжилтээр судалгаа хийж байна. Тэгэхээр эрдэм шинжилгээний ажилтнууд өөр газар руу явахыг үнэхээр буруутгаж чадахгүй. Тиймээс ч дэлхий хавтгай болж, хаанаас бол хаанаас ажиллах боломж бүрдэж байгаа учраас “Э зөгий” (E Bee) гэсэн залуу, эрдэмтэн судлаачдын хамтарч ажиллах цахим талбарыг бий болгохоор манай яам ажиллаж байна. Уучлаарай, би буруу ойлгож байж магадгүй. Гэхдээ шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа хөрөнгө ямар үр дүн авчирсан юм бэ. Гадны шилдэг сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, олон мянган удаа эшлэгдсэн гэдэг бол яах аргагүй бахархал. Гэвч Монголдоо ямар инновац, ямар ажил болж хэрэгжсэн бэ. Энэ тал дээр дутуу дулимаг юм шиг санагддаг учраас танаас шууд асуучихлаа?
Зөв асуулт л даа. Дэлхийд шинжлэх ухааныг үнэлдэг тогтсон үзүүлэлтүүд байдаг. Тухайлбал, сая таны хэлдэг тухайн улсаас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэдэн өгүүлэл хэвлэгдсэн, хэдэн удаа эш татагдсан бэ гэдэг бол маш чухал үзүүлэлт. Энэ байдлаараа манай улс Азийн 46 орноос 19, 20-д эрэмбэлэгдэж байгаа. Харин шинжлэх ухааны үр дүнг хэрхэн хэрэглээнд оруулдаг юм бэ гэсэн үзүүлэлтээр бид их хойгуур яваа. Энэ бол судалгааны үр дүн ард түмний гар дээр очдог бүтээгдэхүүн, үйлчилгээ болох тухай асуудал юм. Нөгөө талаас, оюуны өмчийн эрх хамгаалах түвшин ямархуу байгаа билээ. Монгол Улс жилд хэдэн оюуны өмч хамгаалж байна вэ гэдэг үзүүлэлтээр бас л тааруу явна.
Шалтгаан нь юу бол?
Эхнийх нь мэдээж дээр өгүүлсэн санхүүжилтийн хэмжээ маш бага байгаатай холбоотой. Гэхдээ манай эрдэмтэд харин ч бага хүчээр багагүй ажил амжуулж байгааг хэлэх ёстой. Би энд хоёр л жишээ хэлье. Манай хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд “Дархан 144” сортыг гаргаж авсан. Монгол орны байгаль, цаг уур, хөрсөнд тохирсон энэ сорт зургаан жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэсэн эдийн засгийн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, ийм сорт гаргаж авсан учраас ургацын хэмжээ өсч, олсон ашиг нь гэсэн үг. Мөн эрүүл мэндийн салбарын эрдэмтэд маань элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нутагшуулж чадсан. Өмнө нь 200-400 сая төгрөг төлж гадаадад энэ төрлийн хагалгаа хийлгэдэг байсан бол одоо монгол эмч нар маань хийж байна. Иргэдийн халааснаас жилдээ 8-16 тэрбум төгрөг хэмнэж, эх орондоо эдийн засгийн хувьд дарамтгүй эмчлүүлж чадаж байгаа гэсэн судалгаа хүртэл бий. Гэхдээ та амжилттай хэрэгжсэнийг нь л хэлээд байна уу. Ихэнх судалгаа нь зүгээр л цаас болоод үлддэг биз дээ? Дээр өгүүлснээс гадна өч төчнөөн амжилттай болсон судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг би хэлж чадна. Гэхдээ бид хоёрын цаг ч, цаас ч хүрэлцэхгүй урт юм болно. Мэдээж таны шүүмжлэлий ч хүлээж авна. Судалгаа болгон инновац, патент болж амьдралд ажил болж чадахгүй байгаа нь өөрөө бас шалтгаантай. Манай улс үйлдвэрлэлийн технологийн суурь муутай. Мэдлэг, технологи хоёр бүтээгдэхүүн болоход нэг хөндий бий. Үүнийг манайхан “Үхлийн хөндий” гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, монгол эрдэмтдийн бий болгосон мэдлэг, технологийн 90 гаруй хувь нь бүтээгдэхүүн болж чадалгүй “үхлийн хөндий” рүү унадаг. Тиймээс л энэ “үхлийн хөндий”-г туулах чадавхыг бий болгох ёстой. Төр засаг, хувийн хэвшил, шинжлэх ухаан гурвуулаа нийлж байж энэ хөндийг туулна.
Санхүүжилт бага гээд зүгээр суугаад байж болох уу. Ямар арга хэмжээ авч байна вэ?
Засгийн газар аль болох асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил нь улс орны хөгжлийн хурдасгуур байдаг. Тиймээс ч юун түрүүнд бид санхүүжилтдээ тааруулж, тэргүүлэх чиглэл, цөм технологийн чанартай цөөн тооны төслийг санхүүжүүлэх тогтолцоо руу шилжих ёстой. Нэг судалгаанд дунджаар 14- 20 сая төгрөгийн санхүүжилт өгөөд тийм судалгаанаас үр дүн хүлээнэ гэдэг их хэцүү. Тийм учраас Шинжлэх ухаан, технологийн санд тодорхой өөрчлөлтүүд хийж, суурь судалгааны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн. Нөгөө талаас хүрээлэн дангаараа судалгааны ажил хийх бус, салбар дундын судалгаа зайлшгүй шаардлагатай байна. Тэр дундаа их дээд сургуулиуд, хүрээлэнгүүдийн хамтын судалгаа, дундын нээлттэй лабораторийн тогтолцоог бий болгох нь чухал юм. Эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэж байна. Мөн хууль, эрх зүйн орчноо өөрчлөх ёстой юм байна. Манай яамнаас салбарын суурь хууль болох Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг тус тус боловсруулаад байна. Салбарт шаардлагатай байгаа шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг зохион байгуулна. Одоо Ботаникт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улсын төсвийн 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор баригдаж байна. Энэ жилээс хэсэгчлэн ашиглалтад оруулж байгаа. Цаашлаад цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи мэдээлэлд суурилсан шинжлэх ухаан үйлчилгээг нэвтрүүлэх, нээлттэй цахим платформыг бий болгоно. Мөн чадварлаг хүний нөөцийг гадаад, дотоодоос бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлт зорилтуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хувийн судалгаа хөгжүүлэх тогтолцоог дэмжих эрх зүйн орчныг бий болгож байна. Багагүй ажил амжуулжээ. Үр дүн хэзээнээс гарч эхлэх вэ? Ямартай ч манай Засгийн газар шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч байгааг хэлье. Засгийн газраас “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбар ямар оролцоотой байх талаар тусгайлан томоохон чуулган зохион байгуулсан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж дууссаны дараагийн шат нь шинжлэх ухаан, технологийн сэргэлт байх болно гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун[1]Эрдэнэ мэдэгдсэн. Энэ хүрээнд бид Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиа УИХ-д өргөн бариад байна. Энэ бол манай салбарын хувьд маш том алхам. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль нь танай салбарын суурь хууль гэж та түрүүнд дурдаж байсан. Хуулийн шинэчлэлд ямар гол агуулгууд тусгагдаж байгаа вэ? 1998 онд батлагдаж 2006 онд өөрчлөлт орсон өмнөх хууль муу хууль байгаагүй гүйцэтгэх үүргээ гүйцэтгэсэн, гэхдээ одоо олон улсын чиг хандлага, хамрах хүрээ, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт гээд олон зүйл дээр өөрчлөлт шинэчлэл хийгдэх шаардлагатай болсон. Хуулийн тухайд үндсэн хэд хэдэн асуудал дээр шинэчлэл хийгдсэн байгаа. Нэгдүгээрт, Үзэл баримтлалын шинэчлэл хийгдсэн өөрөөр хэлбэл Шинжлэх ухаан, технологийн асуудал нь салбарын асуудал бус салбар дамнасан асуудал болсон. Бүх салбарт шинжлэх ухаан үйлчлэх, шингэх, хамтрах асуудал гэж ойлгож болно. Хоёрдугаарт, бодлого, төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийгдсэн, Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ; Гуравдугаарт, бүх төрлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зохицуулалт тусгагдсан, ингэснээр миний дээр дурдсан “үхлийн хөндий”-г гатлах боломж бүрдэнэ; Дөрөвдүгээрт, салбарын амин чухал асуудал хүний нөөцийн хөгжлийн асуудлыг дэмжин хуульчилсан; Тавдугаарт, өрсөлдөөнт болон тогтмол бүх төрлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа; Зургаадугаарт, олон улсын чиг хандлагатай уялдуулан хуулийн нэр томьёог шинэчилсэн, статистик бүртгэл, дүн шинжилгээ хийх зохицуулалт шинээр туссан гэх мэт бидний өмнө тулгарч байсан олон асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэж байгаа чухал хуулийн төсөл болсон. Ер нь орчин үед улс орны хөгжил дэвшилд шинжлэх ухаан, технологийн ач холбогдол юугаар ч орлуулшгүй чухал болохыг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй нэгэнт аксиом болсон. Угаасаа ч Аж үйлдвэржилтийн IV хувьсгалыг дагалдагч нь биш, оролцогч нь байхын тулд шинжлэх ухааны салбартаа эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө, хүч хаях учиртай юм. Иймээс энэ парламентын эрхэм Улсын Их Хурлын гишүүд, ангийн нөхөд маань бидний энэ өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж батална гэдэгт илтгэлтэй байна.