

Эх сурвалж: Mongol times.mn


-Сайн байна уу? Баярлалаа. Би профессор багшийнхаа ажлыг хийж байгаагийн л нэг хэсэг юм даа.

-Би Хэнтий аймгийн Дадал сум, Их эзэн Чингис хааны мэндэлсэн газарт төрсөн хүн. Ер нь бол шувууг анхлан харж, ойртож эхэлсэн цаг хугацаа маань ихэвчлэн хороох, хөнөөхөөс эхэлсэн байдаг. Манайх голын их өргөн хөндий, мод, устай газар нутагладаг байсан болохоор маш олон төрлийн шувуудыг харж өссөн. Бага насандаа будааны үтрэм дээр ирсэн тэр л шувуудыг би өөрийнхөө ертөнцөөр нэрлэх, тайлбарлах оролдлогуудыг хийдэг байжээ. Жишээ нь, хүүрзгэнэ гэдэг шувууг “Бор тагтаа”, тоншголжныг “Тэнэг хөх” гэх мэтээр өөрийнхөөрөө нэрлэж байв. Одоо бодоход тэр үеэс шувуудыг тодорхойлох, зан төрхийг нь танин мэдэхийг оролдож байсан юм болов уу. 10 жилийн сургуулиа Биндэр суманд төгсөөд, эмчийн мэргэжлээр шалгалтанд бэлтгэж байсан ч анагаах ухааны сургуулийн элсэлт байсангүй. Тиймээс МУИС-ийн Биологийн ангид суралцсан юм. Харин шувуутай шинжлэх ухааны чиглэлээр ойртсон цаг хугацааг 1993 он гэж үзэх талтай. 1993 онд оюутны бүс бүслүүрийн дадлагад явж байхдаа Германы эрдэмтэд болон мэргэжлийн багш Д.Сумъяа, Р.Самъяа нарынхаа удирдлагаар шувууны чиглэлийн олон ажил хийсэн дээ. Тэр үед шувууг тороор барих, цуглуулга хийх ажлуудыг л хийдэг байлаа. Герман-Монголын хамтарсан хээрийн судалгаанд 1994-1995 онд оролцож, шувуу судлалын дөртэй болж эхэлсэн. 1996 онд тогорууны чиглэлээр магистрын ажлыг хамгаалсан. 1998 онд БОАЖЯ, МУИС ба ШУА-тай хамтран махчин шувуудын мониторинг судалгааг Англи, Арабын Нэгдсэн Эмират Улсын дэмжлэгтэйгээр Монгол орон даяар хийсэн юм. Энэ хугацаанд Орос, Английн эрдэмтэдтэй ажиллаж, маш их зүйл сурсандаа баяртай байдаг. Энэ судалгааны явцад докторын ажлынхаа өгөгдлийг цуглуулан 2006 онд МУИС-д Идлэг шонхрын чиглэлээр докторын ажлаа хамгаалсан.

-Тиймээ. Тэр цагаас хойш шувуу судлал, хамгааллын ажлыг өөр өнцгөөс харах ёстой юм байна гэж бодсон. Би Израйлын Бен Гурион их сургуульд докторын дараах судалгаагаа 2007-2008 онд, Австрийн Венийн их сургууль, Венийн байгалийн түүхийн музейд хоёр дахь докторын дараах судалгааны ажлаа 2013-2014 онд амжилттай дүүргэсэн. Энэ цаг хугацаанаас эхлээд надад Монгол орны шувуу судлах, хамгаалах чиглэлд цөөн хэдэн дорвитой ажил хийе гэсэн зорилго төрсөн. Нэгдүгээрт, шувуу судлалын чиглэлээр сайн боловсон хүчин бэлтгэххэрэгтэй юм байна гэж бодоод 1998 оноос эхлэн эрчимтэйгээр оюутнуудаа бэлтгэж эхэлснээс одоог хүртэл их сургуультайгаа хамтран энэ чиглэлээр тасралтгүй ажилласаар явна. Өнөөдөр манай улсад шувуу судлалын мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь миний шавь нар байгаа болов уу.
“BIRDS OF MONGOLIA|МОНГОЛ ОРНЫ ШУВУУ” бол МИНИЙ 28 ЖИЛИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨР ШИНГЭСЭН БҮТЭЭЛ…

-Шувуу судлалыг арай өөрөөр харах болсон гэж дээр хэлсэн. Хүний нөөцөө бэлтгэхээс гадна дэлхийн энтэй бүтээлүүдийг гаргах нь зүйтэй юм байна гэсэн хоёр дахь том зорилго надад байсан. Энэ хүрээндээ олон улсын сэтгүүлүүдэд өгүүлэл, олон улсын өндөр зэрэглэлтэй хэвлэлийн газарт монограф, монографын бүлгүүдээ хэвлүүлсээр байна. 2019 онд “Монгол орны шувуу” гэх бүтээлээ АНУ-ын Принсетон их сургуулийн хэвлэлийн газарт АНУ-ын судлаач Крис Лийтэй хамтарч хэвлүүлсэн маань булган сүүлтэй сайхан ажил болсон юм. Сүүлийн гурван жилд “Дэлхийн шувуу” гэж шувуу судлаач эрдэмтдийн бүтээлээ хэвлүүлэхийг хүсдэг том монографит дэлхийд мэдээ, баримт нь хомс байдаг, ангилал нь тодорхойгүй шувууны зарим зүйлийг бичих урилгыг авсан. Одоогоор гурван зүйлийг бичээд байна. АНУ-ын Ханкук хэвлэлийн газарт “Дэлхийн цармын бүргэд” гэдэг том монографийн 3 бүлгийг хамтран бичив. Энэ мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг хэвлүүлж, шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлэхийг эрмэлзэж бичиж, нийтлүүлж байна. Эдгээрийн дараа ер нь бид яагаад бие даасан бүтээлээ гаргаж болохгүй вэ гэсэн бодол төрсөн юм. Тиймээс “Birds of Mongolia” буюу “Монгол орны шувууд” номынхоо бүтцийг анх 2008 онд гаргаж байсны дагуу Австрийн Венийн их сургуульд докторын дараах судалгааны ажлаа хийж байхдаа номын бичвэрийн ихэнх хэсгийг нь нугалж, хоёр боть бүтээлээ хагас жилийн хугацаанд өдөрт бараг 3-4 цаг унтан ажиллаж гаргасан даа.

– Харахад хоёрхон боть ч манай орны шувуу судлалын чиглэлээр ажилласан миний 28 жилийн хүч хөдөлмөр шингэсэн бүтээл. Анх 1998 онд олон улсын төсөлд ажиллаж байх үедээ ийм л ном гаргана гэж би бодож байсан. Тэр чиглэлээрээ л 30 орчим жил шувууны зүйл бүрийн мэдээ, баримт, гэрэл зургуудыг цуглуулсан байна.





– Ургамал зэрэг хөдөлгөөн багатай биетийн гэрэл зураг авах бол нэг хэрэг. Дэлхийн хамгийн хурдан шувуу гэхээр 420 орчим км/цаг нисдэг байх жишээтэй. Түүнийг ажиглаж зургийг авна гэсэн үг. Мэргэжлийн зурагчин гэдэг тайлбар их сонин юм билээ. Хамгийн сайн амьд байгалийн зурагчин бол тухайн мэргэжлийн хүн байдаг юм болов уу даа. Яагаад гэхээр тэдгээр мэргэжлийн хүмүүс амьтны зан төрхийн онцлогуудыг мэдэхээс гадна тэдэнд хамгийн ойр хэрхэн дөхөж очихыг ч мэднэ.


– Би номынхоо нүүрэн дээр өнгө үзэмж сайхан, хүний анхаарал татсан шувууны зургийг тавьж болох ч, харин жижигхэн бор шувууны зураг тавьчихсан. Хүмүүс гайхаад байдаг юм. Яг үнэндээ бол энэ бол жиргэмэл гэдэг шувуу. Шведийн алдарт эрдэмтэн, миний найз Пер Алструм над руу нэг өдөр “Танайд их өвөрмөц шувуу байна. Үүний ангилал зүйн судалгааг хамтраад хийе гэж хэлсэн”. Тэгээд бид 45 хоног хээрээр судалгаа хийсний үр дүнд манай оронд буй шувуу нь дэлхийд бие даасан зүйл болохыг баталж, ойролцоогоор 2 сая орчим жилийн өмнө Европт байдаг зүйлээсээ салсан юм байна гэдгийг нь тогтоогоод “Монгол жиргэмэл” гэж нэрлэсэн. Тийм ч учраас номынхоо хавтсан дээр тавьсан хэрэг.
МОНГОЛ ОРНЫ ШУВУУ “BUBO” АППЛИКЕЙШНАА НЭЭЖ БАЙГАА…

– Хоёр боть бүтээл нийлээд бараг 1.5 кг хүрэх байх. Техник, технологи хөгжиж байгаа энэ зуунд ийм хүнд номыг хээр авч явна гэдэг хэцүү. Тиймээс 519 зүйл шувууг тодорхойлохоос эхлээд бүхий л мэдээ, баримтыг авах боломжтой.

Судлаач бид судалгааныхаа ажлыг хийгээд даруухан амьдраад байж болох ч эрдэм шинжилгээ, онолын нарийн хэцүү ухагдахуун, агуулгуудыг энгийн үг, хэллэг, утга санаагаар хүмүүст хүргэх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хэтэрхий хялбаршуулж үл болно. Нөгөө талаас, “Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан” гэдэг Монгол хэлц байна. Эсрэгээрээ мэдэж байгаа зүйлсээ эвдэлж сүйтгэдэггүй. Байгалийг таньж мэдээгүй зэрэмдэг мэдлэгтэй хүмүүс л байгалийг сүйтгэдэг. Бидний насны хүмүүсийг бол засахад бэрх шүү дээ. Харин хүүхэд гэх цагаан цаас шиг өвөрмөц ертөнц дээр байгаль хамгаалал гэдэг бичвэрийг хамгийн зөвөөр буулгах нь чухал. Тийм учраас технологийн зуунд амьдарч буй хүүхэд залуучуудад зориулан аппликейшнаа гаргахаар ажиллаж байна.
Дараагийн том зорилго маань шувуу судлалын талаарх сурах бичиг хэвлүүлэх. Манай орны шувуу судлалын анхдагч эрдэмтдийн нэг, миний хамгийн их хүндэтгэж явдагг шувуу судлалын маань багш проф. Д.Сумъяатай хамтарч эхлүүлсэн сурах бичгээ дуусгахаар төлөвлөж байна.

– Хүүхэд бүхэн өөрийн гэсэн төсөөлөлтэй байдаг. Одоогийн хүүхдүүдэд энэ нэг их буухгүй байх. Бидний үед гар утас гэж байсангүй. Байгальтайгаа их ойр байж. Шувуу тодорхойлно гэдэг бол хоёр секунд нисээд өнгөрөхөд дор хаяж гурван шинжийг таньдаг байхыг шаарддаг ажил. Зөвхөн ганц гадаад шинжээр нь биш, мөн зан төрхийн онцлогоор нь ч мөн таньдаг байх ёстой. Тэгэхээр Тоншголжин гэж оодон сүүлтэй, ойд амьдардаг их хөөрхөн шувууг “Тэнэг хөх” гэж миний хүүхэд ахуйдаа нэрлэж байсан шалтгаан нь энэ шувуунд бид их ойртдог, заримдаа бараг гараараа барих зайнд ойртдог байснаас улбаатай. Харин тэр шувуу тэнэгтээ ч биш, ер нь их номхон дөлгөөн зан төрхтэй. Тийм ч учраас хүүхдийг өөртөө их ойртуулдаг. Бас өнгө зүснийх нь онцлогоор л нэрлэж байсан маань тийм алдаатай байгаагүй юм шиг санагдана. Тоншголжныг олонх хүмүүс мэддэг ч сонирхолтой нь эр ба эмийг хооронд нь ялгаж чаддаг хүн ховор. Танин мэдэхүй өөрөө хязгааргүй байдаг.

-Шувууны нэг онцлог бол тэдэнд хамгийн олон янзын өнгө, галбир илэрдэг. Хувцасны дизайн хийж байгаа хүмүүс шинэ зүйлийг холоос хайх хэрэггүй гэж би боддог. Яагаад гэхээр шувууны үүсэл, хөгжил 250 сая жилийн түүхтэй. Дэлхийн хөгжлийн 250 сая жилийн хугацаанд шувууны тэр олон өнгө зүс байгалийн шалгарлын үр дүнд бий болсон. Хүн төрөлхтний үүссэн түүхийг шувууныхтай харьцуулах юм бол өчигдрийн зүйл байхгүй юу. Тиймээс байгалийн шалгаруулсан тэр өнгө зүс, хээр хуараас хүн хэзээ ч илүү сэтгэхгүй. Нөгөө талаас хүн их сонин зан төрхтэй амьтан. “Та үүнд хүрч болохгүй” гээд хэлэх юм бол хүн хүрмээр л санагдаад байдаг.
Шувууг таньж тодорхойлох гэхээр нисээд алга болчихдог. Танихын тулд маш их хүч, оролдого шаардлагатай. Иймээс ч хүмүүс шувуу ажиглах дуртай. Гэхдээ шувууд олон янзын өвчнийг тээдэг. Шувууны ханиад гэж та бүхэн сонссон байх. Шувууны ханиадаар хүн өвддөг.
Шүлхий өвчин тас шувуугаар тээгддэг ч гэдэг юм уу. Тиймээс шувуу бол судлах ёстой гайхамшигтай судалгааны обьект юм. Шувуу хаашаа, хэр хол, яагаад нүүдэг талаар одоог хүртэл шинжлэх ухаан бүтэн тайлж чадаагүй. Тайлах гэж оролдож байгаа маш олон таамаглал бий.
Өөрийнх нь гарал үүсэл, нисэх онцлогтой холбоотой танин мэдэгдээгүй олон зүйл бий.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ МАШ САЙН ИЛЭРХИЙЛЭГЧ НЬ ШУВУУ БАЙДАГ…

-Шувуу бол нэг төрлийн индикатор шүү дээ. Таны амьдарч байгаа газар шувуу байхгүй л болж байгаа бол хүрээлэн буй орчин төдий чинээ бохирдож буйн шинж. Хотод бол эсрэг үр дүн гарна. Хот бохирдсоны шинжийг бараан өнгийн шувууд олширч байгаагаар тодорхойлж болдог. Улаанбаатар хотод байгаа бор шувуу, тагтааны өнгө бараан болох үйл явц бол хотын бохирдлыг илэрхийлж байгаа юм. Орчны бохирдлыг маш сайн илэрхийлэгч нь шувуу байдаг. Үүнээс гадна Монголчуудын зан заншил, итгэл үнэмшилтэй зарим нэг тайлбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй өгөх нь хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Жишээлбэл, та шувууны өндөг бүхий үүрэн дээр сүүдрээ тусгах бол эцэг, эх нь голоод явдаг юм гэнэ билээ гэж. Шувуу судлалын үүднээс үзэх аваас ингэж тайлбарлахад их хүндрэлтэй. Учир нь шувуу үнэрлэдэггүй. Уураг тархины үнэрлэхийн хэсэг нь сул хөгжсөн. Үнэрлэхгүй учраас өндөг барьсан, сүүдэр туссан гэдгийг мэдэхгүй. Түүнчлэн шувууны өндөг нэг өдөр тавуулаа гардаггүй. Нэг, хоёр хоногийн интервалтай гарна. Тийм учраас гарч байгаа ангаахайнууд нь том, жижиг хэмжээтэй байдаг нь дарагдсан цаг хугацаатай нь холбоотой. Шувууны хувьд дөнгөж өндөглөсний дараах цаг хугацаа маш эмзэг үе нь. Яг энэ хугацаанд хүн эсвэл махан идэшт амьтад үүрэнд ойртвол өндөг, ангаахай улмаар өөрт нь эрсдэл их байгааг анзааран өндөгтэй үүрээ орхиод явдаг. Энэ тохиолдолд бараг л буцаж ирдэггүй. Тэр их эмзэг үеийг монголчууд мэддэг учраас “битгий ойртоо л” гэдэг байхгүй юу. Монголчуудын цаад санаа голж орхихдоо биш танаас үргэсэн шувууг эзэнгүй байх үед өндөгнүүдийг нь махчин амьтан идэх юм байна гэдгийг бас давхар хэлж байгаа юм. Сонирхолтой амьдралтай, зан төрхтэй шувуу олон бий. Маш сайхан дуугардаг хөхөө шувуу өөрөө үүр засдаггүй. Бусдын үүрэнд өндөглөнө. Хамгийн сонирхолтой нь бусдын үүрэнд өндөглөхдөө эзэн шувууны нэг өндгийг үүрнээс зөөж, улмаар үүрэнд өөрийнхөө өндгийг гаргана. Хөхөөний өндөгний хэлбэр, хэмжээ, өнгө зүс нь эзэн шувууныхаас бараг ялгарахгүй. Хөхөөний ангаахай өндөгний хальсыг хагалан гарсны дараа үүрэнд байгаа бүх өндгийг үүрнээс гаргаж хаяна. Ганцаараа үлдэж байгаа нь идэш тэжээлийн өрсөлдөөн багасгах чиглэлтэй зан төрхийн зохилдлогоо юм.
Сайхан дуугардаг, харагддаг болгон сайхан байх албагүй.

Маш энгийн дээ. Мэргэжилдээ үнэнч бай. Тууштай бай. Уйгагүй хөдөлмөрч бай. Энэ бүхэн нийлээд таныг нэг өдөр шагнах л болно. Дэлхийн шувуу судлал, Монголын шувуу судлалыг жин дээр тавих юм бол ямар байх вэ гэдэг нь мэдээж хүмүүсийн сонирхлыг татдаг байх. Чиглэл чиглэлээрээ харьцангуй өөр. Зарим чиглэлүүд дэлхийн түвшнээс дээгүүр, зарим нь эн зэрэгцэж, зарим нь маш сул байна.

Гол нь гадаад хэлээ сайжруул. Шувуу судлалын чиглэлээр “барилдах” дэлхийн эрдэмтдийн дэвжээ хол биш. Ойрхон. Тууштай л байх хэрэгтэй.
Өнгөрсөн ковидын үед хэн их чухал вэ гэдгийг бүгдээр ойлгосон. Судлаачид ялангуяа микробиологичид чухал юм байна гэдгийг харсан.







