Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Чонон хармагийн жимсний цай-бренд бүтээгдэхүүний технологи боловсруулах” инновацийн төслийн эрдэм шинжилгээний тайланг хүлээн авсан.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Төслийн удирдагч ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өсөхжаргал инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа.
Төслийн товч танилцуулга
Төслийн зорилго: Эмийн болон эдийн засгийн байгалийн гоц ашигт ургамал болох Чонон хармаг буюу Орос махирс (Lycium ruthenicum Murr.)-ын ургамал газарзүйн бүс бүслүүр дэх тархац нутгийн байршлыг илрүүлж зураг хийх, биологийн болон бэлтгэлийн нөөцийг тогтоох, түүний генофондыг хамгаалах, нөөцийг бий болгох зорилгоор биотехнологийн аргаар үржүүлэх, in vitro нөхцөлд гаргаж авсан бичил ургамлыг хүлэмжид дасган тарималжуулах, байгалийн цэвэр бүтээгдэхүүн Чонон хармагийн жимсний цай-шинэ бүтээгдэхүүний технологийг бий болгоход төслийн зорилго оршлоо.
Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төслийн нэр: “Чонон хармагийн жимсний цай-бренд бүтээгдэхүүний технологи боловсруулах” инновацийн төсөл
Төслийн хугацаа: 2017 – 2019 он
Төслийн удирдагч: Төслийн удирдагч ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өсөхжаргал
Гүйцэтгэгч байгууллага: ШУА-ийн Биологийн хүрээлэн
Гүйцэтгэгчид:
- Юнгирээ Оюунбилэг, Ургамлын биотехнологи, лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор
- Индрээ Түвшинтогтох, Ургамлын экологи, нөөц, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
- Цамбын Батцэрэн, Ургамлын нөөц, эрдэм шинжилгээний ажилтан, доктор
- Одгэрэлийн Хонгорзул, Ургамлын биотехнологи, биохими, эрдэм шинжилгээний ажилтан, магистр
- Гачмаа Батзаяа, Ургамлын биохими, эрдэм шинжилгээний ажилтан, магистр
- Хасбаатар Гантуяа, Микробиологи, эрдэм шинжилгээний ажилтан, магистр
Төслийн үр дүн:
- Чонон хармагийн тархалт, нөөцийн судалгааг явуулан Монгол орны зарим ургамал газарзүйн бүс бүслүүр дэх тархалт, бэлтгэлийн болон биологийн нөөцийг тогтоож зураг хийсэн.
- Үе зайдмын эксплантаар in vitro нөхцөлд өсгөвөрлөн нахиа нөхөн төлжүүлэхэд тохиромжтой өсөлтийн гормоны хувилбарыг тогтоож, бичил ургамал гарган авч ex vitro нөхцөлд шилжүүлэн дасган ургуулсан.
- Чонон хармагийн жимсний зарим биологийн идэвхт нэгдлийг агууламжийг тогтоож, судалгааны үр дүнд үндэслэн 100г бүтээгдэхүүн дэх тэжээллэг чанарыг тогтоож, итгэмжлэгдсэн лабораториор үр дүнг баталгаажуулсан.
- Түүний жимсэн дэх антиоксидант идэвхтэй сүүн хүчлийн бактерийн Enterococcus, Leuconostoc, Pediococcus гэсэн 3 төрөлд хамаарах 11 өсгөврийг молекул биологийн аргаар тодорхойлсон.
- Судалгааны үр дүнд үндэслэн Чонон хармагийн жимсийг хатаах, боловсруулах технологийг боловсруулж технологийн зааврыг баталгаажуулсан.
Шинжлэх ухаан, технологийн сан