Анагаах ухааны хүрээлэн хэрэгжүүлж буй төслийнхөө үр дүнгээр БНХАУ-ын Бөөр шилжүүлэн суулгах багтай хамтран Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийхэд суурь судалгаа, эмнэлзүйн судалгаануудыг хийж гүйцэтгэжээ. Түүнээс хойш Монгол улсад 300 гаруй удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн байна. Эмчилгээний энэ аргыг хэрэгжүүлэх төслийн хүрээнд олон төрөл мэргэжлийн эмч нарыг хүрээлэнгийн нэр дээр гадаадад суралцуулж, анхны мэргэжилтнүүдийг бэлтгэн, хамтран ажиллах гадаадын мэргэжилтэнг өөрийн оронд урьж ажиллуулах ажлын нөхцөл, бололцооны асуудлыг бүрэн шийдвэрлэж байжээ.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /одоогийн Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургууль/ нь “Монгол хүнд бөөр шилжүүлэн суулгах” сэдэвт улсын захиалгат төслийг 1994 оноос 1999 хүртэл 3 удаа хэрэгжүүлсэн байна. Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг “Эрхтэн шилжүүлэн суулгалтын эд нийцэл болон дархлаа хяналтын судалгаа” улсын захиалгат төслийг 2013-2016
онд хэрэгжүүлжээ.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
• Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх болон дараах үеийн дархлаа хяналтын алгоритм,
• Бөөрний хэт цочмог, цочмог, архаг ховхролыг оношлох, эмчлэх сэргийлэх арга
• Бөөр шилжүүлэн суулгалтын дархлаа хяналтын удирдамж,
• Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх болон дараах үеийн дархлаа хяналтын алгоритм,
• Элэгний цочмог ховхролыг оношлох, эмчлэх, сэргийлэх арга,
• Элэг шилжүүлэн суулгалтын дархлаа хяналтын удирдамжийг тус тус боловсруулжээ.
Эдгээр төслүүдийг ШУТС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн нь Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг бий болгох, нутагшуулахад зохих хувь нэмрээ оруулсан 2021 онд “Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг”-т Төрийн соёрхол хүртээсэн билээ.