Боловсрол, шинжлэх ухааны яам олон улсын өндөр чансаатай мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан эрдэм шинжилгээний ном, нэг сэдэвт бүтээлийг шинжлэх ухааны салбаруудаар жил бүр сонгон шалгаруулж, урамшуулдаг.
2023 онд “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр эрдэм шинжилгээний 2 шилдэг бүтээл /ном/, эрдэм шинжилгээний 4 шилдэг өгүүлэл тус тус шалгарлаа.
1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ /НОМ/:
Монгол Улсын Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Тугалын Жанлав, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Очбадрахын Чулуунбаатар нарын “Шугаман бус бодлогуудыг бодох Ньютон төрлийн аргуудын шинэ хөгжүүлэлт” (New Developments of Newton-Type Iterations for Solving Nonlinear Problems) бүтээл 2023 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Гомбобаатарын “Birds of Mongolia” 2 боть бүтээл 2023 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.
2. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ:
Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр салбартаа хамгийн өндөр үзүүлэлттэй дараах өгүүллүүд 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарлаа.
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Ө.Энэрэлт нарын “Antibacterial activity and characteristics of silver nanoparticles biosynthesized from Carduus crispus” – Сагсай чонын өргөсөөр нийлэгжүүлсэн мөнгөний нанобөөмийн шинж чанар ба бактерийн эсрэг идэвх өгүүлэл Инженер, технологийн салбарт шилдгээр шалгарлаа.
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн зочин судлаач доктор Б.Нандинцэцэг, багш доктор, профессор Б.Болдгив нарын “Risk and vulnerability of Mongolian grasslands under climate change” Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны бэлчээрийн эрсдэл, эмзэг байдлын судалгаа өгүүлэл Байгалийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам нарын “Factors Associated with COVID-19 Vaccine Hesitancy in Mongolia: A Web-Based Cross-Sectional Survey” – Ковид-19-ийн эсрэг вакцинд эргэлзэхэд нөлөөлж буй хүчин зүйлс: Интернэтэд суурилсан үндэсний судалгаа өгүүлэл Анагаах ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, профессор Е.Батчулууны “Intergenerational learning of traditional knowledge through informal education: the Mongolian context” – Үе хооронд дамжих уламжлалт мэдлэгийг албан бус боловсролоор олгох нь: Монголын жишээн дээр өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.