ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫНХАН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨТӨЛБӨРТ УРИГДЛАА

 

Шинжлэх ухаан, технологийн сан “Өглөөний цай” хөтөлбөртөө Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны газар, Инноваци, технологийн газар, Санхүү, эдийн засгийн газрын дарга нарыг мэргэжилтнүүдийн хамт урьж оролцууллаа.

2020.09.16-ны өглөөний 08:00 цагт эхэлсэн “Өглөөний цай”-гаар өнгөрөгч даваа гарагийн БШУ-ны Сайдын уламжлалт шуурхай хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд салбар, салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, төслийн сонгон шалгаруулалтын явц, төслийн давхцал, төслийн санхүүжилт, зарцуулалт, судалгаа боловсруулалтын ажлын тайлангийн ил, тод байдал, цаашид анхаарах асуудлаар хамтран ажиллах гарц, шийдэл, боломжийн талаар ярилцсан юм.

Салбарын удирдлага, шинжээч, мэргэжилтнүүдийн чөлөөт ярилцлагын эхэнд ШУТСангийн захирал М.Тунгалаг 2020 оны төслийн хэрэгжилт, санхүүжилтийн III улирал хүртлэх өссөн дүнгийн гүйцэтгэлийг товч танилцуулав. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчлэн найруулсан заалтыг хуучин заалттай жишсэн харьцуулалт дээр хууль, эрх зүйн тайлбар мэдээлэл өглөө.

Тухайлбал, тус хуулийн 24.7-ийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19, 5.3.20-д заасан тусгай сангаас зээл, буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх, үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод зохион байгуулна гэсэн шинээр нэмж оруулсан заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал, салбарын цаг үеийн бусад сэдвийн хүрээнд харилцан ярилцсан юм.

Цаашид уг хуулийн нэмэлт өөрчлөлт орсон хэд хэдэн зүйл, заалттай уялдуулж одоо мөрдөж байгаа “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг агуулгаар нь шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон ба ажил үүрэгтэй холбоотой ялангуяа асуудлаар оролцогч нар тус тусын байр сууриа илэрхийлэв.Салбарын хэмжээний тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зөв шийдвэрлэхэд нөлөөлөхүйц найрсаг, нөхөрсөг уур амьсгал дор ийнхүү дотоод дахь асуудлаа хэлэлцснээр “Өглөөний цай” зорилгоо биелүүлж чадлаа.
Ажил хэрэгч уулзалтын чөлөөт орон зайн индэр болсон “Өглөөний цай” хөтөлбөрийн 2 дахь зочдоор их, дээд сургуулийн удирдлагууд уригдах юм.

 

 

Хуваалцах
Хуваалцах: