Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож, Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж эхэлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 сарын 14-ний өдрийн 222 тогтоол “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу Шинжлэх ухаан технологийн сан “Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа” докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийн тайланг хүлээн авлаа.
БСШУС-ын Сайдын 222 тогтоолын 1.2. “Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан 45 хүртэл насны 10 хүртэлх докторт олгоно;
Төслийн удирдагч АШУҮИСургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, доктор Б.Цэрэнцоо төслийн үр дүнгээ танилцуулж загвар бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа.
Төслийн товч танилцуулга
Захиалагчийн нэр: БСШУС-ын Сайдын докторын дараах инновацийн тэтгэлэг,
Төслийн нэр: Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа,
Төслийн хугацаа: 2017-2018 он,
Гүйцэтгэгч байгууллага: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Төслийн удирдагч: Уламжлалт анагаахын их эмч, доктор, Ph.D, УАУ, Фармакологи, Уламжлалт эмийн ургамал, жор судлал, АШУҮИС, МАУОУС-ийн багш Бямбаагийн Цэрэнцоо
Төслийн гүйцэтгэгч: Уламжлалт анагаах ухаан, Сэргээн засах үндэсний төв, УАУ-ны их эмч, АУ-ны магистр Наранбатын Нэргүй,
Төслийн үр дүн:
- Хепаклин-4-ийн элэгний хавдрын (HepG2) эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах, Хепаклин-4-ийн 70% этанолон хандаар үйлчлэхэд 10 µg/ml тунд 1.2%, 50 µg/ml тунд 1.6%, 125 µg/ml тунд 4.3%, усан хандаар үйлчлэхэд 500 µg/ml тундаа хавдрын эсийн ургалтыг 7.9% саатуулсан.
- Хепаклин-4-ийн зарим биологийн идэвхт бодисын тооны болон чанарын судалгааг хийх, Хепаклин-4-ийн биологийн идэвхт бодис болох алкалоид, флавоноидыг илрүүлэв. Хепаклин-4-ийн 70%-ийн этанолон ханданд 0.25%, идээшмэлд 0.44% флавоноид агуулагдаж байв. Кумарины тоон агууламжийг тодорхойлоход 70%-ийн этанолон ханданд 0.98%, идээшмэлд 1.37% агуулагдаж байсан.
- Хепаклин-4-ийн жишиг итгэлцүүрийг тооцон, идэвхт тунг тогтоох, Хепаклин-4-ийн жишиг итгэлцүүрийг тооцож үзэхэд шарыг дарах жишиг итгэлцүүр илүү байлаа. Мөн Хепаклин-4-ийн идээшмэлийн хурц хорон чанар LD50=7.8 (6.2-8.0) г/кг, идэвхт тун нь 150 (70-300) мг/кг байв. Хепаклин-4-ийн идээшмэлийн архаг хорон чанарын судалгаагаар хорон чанар багатай байсан.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад -1
- Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод-2
- Эрдэм шинжилгээний илтгэл /гадаад/-5, /дотоод/-5
- Элэгний хавдрын эсэд (HEPG2) нөлөө үзүүлэх Хепаклин-4-ийн патент, оюуны өмчийн мэдүүлгийг 2019-07-09-ний өдөр мэдүүлээд байна.
Шинжлэх ухаан, технологийн сан