Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан 2 сарын 5-ны өдөр “Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Төслийн удирдагч, доктор (Ph.D) Т.Атарсайхан эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өгч, Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д төслийн үр дүнгээ байршуулав.
Төслийн товч танилцуулга
“Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” төслийн хүрээнд Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, үржүүлгийн газрыг байгуулж, цаг уурт дасан зохицсон сортын чанар сайтай суулгацыг үржүүлэх замаар тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор судалгааг гүйцэтгэсэн.
Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн ХАА-н таримлын талбайн генбанкд цуглуулгад байгаа Хөх далан хальс жимсгэний 30 гаруй сортын цуглуулгын материалыг түшиглэн Сибирийн Жимсний аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэн болон олон улсын байгууллага, өөрсдийн боловсруулсан арга зүйн дагуу төслийн үр дүнгийн 6 даалгаварт ажлыг гүйцэтгэсэн.
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төслийн хугацаа: 2016-2018 он
Төслийн удирдагч: Т.Атарсайхан, доктор.Ph
Гүйцэтгэгч байгууллага: Ургамал газар тариалангийн хүрээлэн
Гүйцэтгэгчид
- Н.Баярсүх доктор.Ph, дэд проф
- Ү.Хадбаатар доктор.Ph
- С.Баттөмөр докторант
- Н.Баяржаргал магистр
- Н.Ууганбаатар магистрант
- А.Цэнд, техникч
Төслийн үр дүн:
- Төслийн үр дүнгээр 1 сортыг Улсын сорт сорилтын зөвлөлөөр хэлэлцүүлэн нутагшуулж, ном гарын авлага 2, нэгэн сэдэвт бүтээл 1, эрдэм шинжилгээний өгүүлэл дотоодод 6, гадаадад 1 нийтлүүлсэн.
- 2016-2017 онуудад УГТХүрээлэнгийн генофондын туршлага судалгааны газарт хөх далан хальсны Канадаас, ОХУ-аас гаралтай 9 сортын 1.2 га жишиг эх цэцэрлэгийг байгуулж нийт 1784 ширхэг суулгац тариалсан. Тариалагдсан хөх далан хальсны сортууд 2018-оны байдлаар 82.2-100%-ийн амьдралтай ургаж байна.
- Цуглуулга судалгааг төслийн хугацаанд Хөх далан хальсны гол тархац бүхий ОХУ-аас 10 сорт, Япон улсаас 1 сорт, нийт 11 сортыг цуглуулж хөх далан хальсны талбайн генбанкийг баяжуулж, аж ахуйн биологийн үнэлгээнүүдийг өгсөн. Одоогоор Хөх далан хальсны талбайн генбанкд 34 сортыг цуглуулан судалсан.
- Хөх далан хальсны Герда, Вlue Berry, Cinderella сортын 11600 ширхэг суулгац, бусад 10 сортын 2820 ширхэг суулгац нийт 14420 суулгацыг үржүүлээд байна. Сортуудын суулгац ногоон мөчрийн үржүүлэгт 68.5%, бойжуулгын талбарт 85.1% ийн амьдралтай байна.
- Төслийн хугацаанд хөх далан хальсны суулгац үржүүлэх усалгааны иж бүрэн систем, автомат усалгаатай поликарбонатан хүлэмж бүхий 0.3 га үржүүлгийн талбар байгуулсан.
- Төслийн хүрээнд танхимын болон талбайн үзүүлэх сургалтыг 12 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 6 аймгийн 34 сумын 513 иргэн оролцсон. 60 минутын видео хичээл бэлтгэж олон нийтийн телевизээр 18 удаа нэвтрүүлээд байна.
- Төслийн хугацаанд Хөх далан хальсны Berry blue сортыг нутагшсан сортоор баталгаажуулсан, тариалах, суулгац үржүүлэх технологийн карт-2ш, тариалах үржүүлэх технологийн зөвлөмж-2 ш тус тус боловсруулсан.
Шинжлэх ухаан, технологийн сан