Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хоорондын хамтын ажилгааны хүрээнд 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ҮШУТС төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497-р тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
Төслийн өртөг, зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/133 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.
Хамтарсан судалгааны төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна.
Үүнд:
- Биотехнологи, био-анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан
- Хиймэл оюун ухаан, юмсын интернет (Internet of Things), ухаалаг тоног төхөөрөмж
- Инновацид суурилсан шинжлэх ухааны боловсрол болон энтрепренершип
- Ногоон эрчим хүч ба экологи
- Ухаалаг хөдөө аж ахуй ба дахин боловсруулах эдийн засаг
- Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт
- Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
- Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 1 жилд 15,000 ам доллар нийт, 30,000 ам доллар хүртэл байна. Төслийн санхүүжилтийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар тооцно.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
- Төслийн саналыг Монгол талд 2026 оны 03 дүгээр сарын 31-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн удирдлагын систем (project.stf.gov.mn) хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.
Жич: Хугацаандаа мэдээлэл ирүүлээгүй болон материалын иж бүрдэл хангагдаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-327634 дугаарт холбогдон авна уу.
Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.
Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сан

