Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Б.Баттөр ШУТС-ийн мэргэжилтнүүдэд 2025 оноос Мал эмнэлгийн хүрээлэнд хэрэгжих сатрепс төслийг танилцууллаа.
САТРЕПС-ийн төсөл нь дэлхийн нийтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтарсан судалгааг дэмжих Японы засгийн газрын хөтөлбөр бөгөөд дэлхийн дулаарал, био нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлуудад шийдэл олох зорилготой Япон болон хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны хөтөлбөр юм. Манай улсад анхны САТРЕПС-ийн төслийг 2013 оноос Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны баг Япон улсын Обихирогийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн эрдэмтэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байсан бол дээрх хоёр байгууллагын судлаачид 2 дахь удаагаа САТРЕПС-ийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
2025 оны 5 дугаар сараас Япон улсын JICA/JST байгууллагуудаас санхүүжилттэй “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” нэртэй САТРЕПС-ийн шинэ төслийг Монгол улсын Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна. Энэ төслийн Японы талын удирдагчаар Обихиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор Инуэ Нобору ажиллах бол Монголын талын төслийн удирдагчаар МЭХ-ийн захирал Б.Батцэцэг, төслийн менежерээр профессор Б.Баттөр нар ажиллах юм. Төслийг Монгол улсад ЖАЙКА байгууллагаар дамжуулан 5 жилийн хугацаанд 300 сая орчим иенээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх бөгөөд Япон талдаа Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST)-аар дамжуулан 175 сая иен олгодог ажээ. Мөн энэхүү төслийн Монголын талын судлаачдын эрдэм шинжилгээний ажилд шаардлагатай тодорхой зардлуудыг Монголын тал ШУТС-аар дамжуулан санхүүжилдэг. Энэхүү төсөл хэрэгжсэнээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож, эрүүл ахуйн шаардлага хангасан үржлийн арга техникийг түгээн дэлгэрүүлж, адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэн устгах боломжийг бүрдүүлэх ач холбогдолттой юм.