Японы тал шинээр эхлэх САТРЕПС төслөө танилцууллаа

Мал Эмнэлгийн Хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуулийн хамтарсан баг 2025 оны 04 дүгээр сараас 2029 оны 03 дугаар сарыг дуустал “Адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх судалгаа, халдвараас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох нь” САТРЕПС төслийг хэрэгжүүлэх юм. Өнөөдөр төслийн багийнхан ШУТСангийн захирал Э.Энхпүрэвт хэрэгжүүлэх төслийнхөө талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Адуун сүрэг нь Монгол улсын мал аж ахуйн салбарын чухал бүрэлдэхүүн бөгөөд сүүлийн 10 жилийн махны экспортын 75%-аас дээш хэсгийг адууны мах ганцаар бүрдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний 2 дугаарт буюу боловсруулаагүй ноолуурын дараа орж байна. Нөгөө талаар иргэд гадаадаас араб, англи, оросын хурдны чиглэлийн адууны үүлдрүүдийг оруулж ирэн монгол адууг эрлийзжүүлэн хурдны чиглэлээр сайжруулах зорилгоор адууны суурин болон хагас суурин аж ахуйнуудыг олноор байгуулж эхэлсэн байна. Энэ нь адууны нийлүүлгийн өвчин тархахад нөлөөлж байна. Адууны нийлүүлгийн өвчин нь зөвхөн үржлийн замаар халдварладаг бөгөөд энэ өвчнийг хяналтад авахад гол арга замын нэг нь үржлийн ажилд сонгомол шинжлэх ухааны дэвшилтэт аргуудыг ашиглаж эрүүл сүрэг бий болгох боломжтой галаар судлаачид танилцууллаа. Иймд Монгол улсын Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуультай хамтран 2014-2019 онд хэрэгжүүлсэн анхны САТРЕПС төслийн ололт амжилт дээрээ тулгуурлан 2025 оноос адуун сүргийн ашиг шимээр давамгайлдаг, мөн хил орчмын импортын бүс нутаг, адууны нийлүүлгийн өвчний халдварлалт ихтэй 5 аймгийг сонгон уг өвчнөөс эрүүлжүүлэх, адууны үржил селекцийн ажилд зохиомол хээлтүүлэг, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг үржүүлгийн орчин үеийн аргуудыг нутагшуулан, адууны нийлүүлгийн өвчний эрт үеийн оношилгоо, хяналтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх судалгааг зорилтот аймгуудыг түшиглэн хийхээр төлөвлөжээ. Мөн адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн генетикийн нарийвчилсан судалгаа, адуунд үзүүлэх шинж тэмдэг эмгэг жамын судалгаа, эрүүл болон халдвартай адууны үржлийн дааврын онцлогийн судалгаа зэрэг олон нарийвчилсан судалгаа хийж, дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгох зорилготой юм. Хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд Японы Шинжлэх ухаан технологийн сан JST, ЖАЙКА байгууллага төсөлд шаардлагатай Япон мэргэжилтэн судлаачдын зардал, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх, монгол судлаачид Японд дадлагажих, лабораторид судалгаа хийх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх бөгөөд Монголын тал төсөл хэрэгжүүлэх дэд бүтэц, Монгол судлаачдын зардлыг хариуцах юм.

Хуваалцах
Хуваалцах: