Монгол Улсын Их Хуралын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо.
ШУТСангаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4600 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. Сүүлийн 10 жилд монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өсч, Азидаа эхний 20 улсын эгнээнд орсон. Харин эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай, дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар нь аливаа улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх ёстой. Тиймээс:
Эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг практикт нэвтрүүлж, өрсөлдөх чадвартай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хувийн хэвшлийг уриалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,
Технологи, инновацын салбарын гарааны бизнесийг дэмжих,
Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд оюуны өмчийн үнэлгээ хийлгэх зэргээр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо бодлогын түвшинд дэмжиж, хамтран ажиллахаар болов.