Эрдэмтдийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн Эрдэмтэд – Үндэсний үйлдвэрлэгчдийн багийн технологи дамжуулалт, нутагшуулалт, бизнесийн туршлагаас хуваалцах “ИОДЫН ХЭРЭГЛЭЭ – ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ” уулзалтыг ШУТСангийн санаачилга дор БШУЯ, ЭМЯ, ЭШБ-ын судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.
Монгол Улс дахь иод дутлын эмгэгийн өнөөгийн байдал, иодын эрүүл мэндийн ач холбогдол танилцуулгаар эхэлж, малын иодын дутагдал, иод нь газар тариалантай хэрхэн холбогдох, органик иодын үйлдвэрлэлийг технологи дамжуулалтаар хэрхэн амжилттай нутагшуулсан талаарх илтгэл хэлэлцүүлгийг “Түмэн шувуут” ХХК, “НВЦ” ХХК, “Нүүдэл жи” ХХК, “Грийн индастри” ХХК, “Силк роүд межик” ХХК-ийн үйлдвэрлэж буй хүнсний нэрийн өндөг, гоймон, шар сүүний иодтай жимсний шүүс зэрэг жишээн дээр танилцуулав.
Мөн хүнсний бүтээгдэхүүнд органик иодын агууламжийг хэрхэн манай эрдэмтэд амжилттай тодорхойлж, бизнес тэр дундаа үндэсний топ үйлдвэрлэгч нар технологио амжилттай дамжуулсан туршлагаа солилцсон юм.
Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн сан “Экологи Хөгжил” ТББ-тай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.
Тус ТББ артишок, иодтой бүтээгдэхүүний технологи дамжуулалтыг амжилттай нутагшуулсан туршлагаасаа топ үйлдвэрлэгч нартаа хуваалцаж, шинэ технологи нэвтрүүлэлт, судалгаа боловсруулалтын туршилт, судалгаа, нотолгоог батлах лабораторийн цогц ажлыг эрдэмтдийн багтай хамтран ажиллах төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийнхний холбогч гүүр болж ажиллах юм.
ШУТСангийн захирал Д.Одгэрэл оюуны бүтээлийг хүн ардынхаа эрүүл хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлж өөрсдийн үйлдвэрлэлийн ноу-хау, мэдлэг, туршлагаа эх орны хөгжилд харамгүй зориулсан ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 6 компанид амжилт хүсэж, “Талархал”-ийн бичиг дурсгав.
Хамтран зохион байгуулагч:
Судлаач, Эрдэмтдийн СУДАЛГААНЫ БАГ
ЭКО хүнс үйлдвэрлэгч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛДӨӨ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.