ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Монгол нутаг дахь археологийн дурсгалыг XIX зууны сүүлчээс гадаадын судлаачид анхлан бүртгэн тэмдэглэсэн байдаг бол шинжлэх ухааны үндэстэй судалгааг ХХ зууны эхэн үеэс хийж эхэлжээ. 

1921 оны 11 дүгээр сарын 9-нд Ардын Засгийн газрын шийдвэрээр эрдэм номын ажлыг эрхлэх Судар бичгийн хүрээлэнг байгуулснаар эдүгээгийн Шинжлэх Ухааны Академийн эх суурь тавигдсан бөгөөд уг байгууллагын нэгэн чухал үүрэг нь эртний түүхийг судлан шинжлэх, дурсгалуудыг сурвалжлан олох ажил байлаа. 

Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 8 дугаар сарын 7-нд батлан гаргасан “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм” бол Монгол улсад археологийн биет дурсгал, түүх, соёлын үнэт зүйлсийг судлан шинжлэх, хадгалж хамгаалах талаар гаргасан анхны хууль зүйн баримт бичиг байв. Энэхүү дүрмийг Монгол улсын хэмжээнд дагаж баримталж байснаас гадна гадаад оронтой байгуулсан эрдэм шинжилгээний гэрээ, хэлэлцээрт тусган мөрдөж байжээ. 

1961 оны 10 дугаар сарын 13-нд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад өмнө нь “Түүх-эдийн засгийн судлах газар” нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж ШУА-ийн үндсэн хэдэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагджээ. Тус хүрээлэнгийн анхны гурван нэгжийн нэг нь Археологи-этнографийн тасаг бөгөөд даргаар нь доктор Н.Сэр-Оджав (1923- 1990) томилогдон ажиллаж байв

Тус Археологийн сектор нь 1998 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болон өргөжиж, эрхлэгчээр академич Д.Цэвээндорж томилогдсон ба доктор Д.Баяр, Л.Билэгт, Д.Эрдэнэбаатар, Б.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, М.Баярсайхан нар эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв. 2002 онд бие даасан хүрээлэн байгуулагдах хүртэл А.Энхтөр, Ч.Ерөөл-Эрдэнэ, Н.Батболд, Д.Болдхуяг, Н.Эрдэнэ-Очир нарын эрдэм шинжилгээний ажилтнууд нэмэгдэж нийт 15 ажилтны бүрэлдэхүүнтэй болсон байна. 

    “ЧАНДМАНЬ ХАР УУЛЫН АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛ II” ХАМТЫН БҮТЭЭЛ

    10,000 ₮

    2003 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Чандмань Хар уулын археологийн судалгаа эхэлж 2004, 2011, 2012, 2013 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУТИС-ийн 6 удаагийн хээрийн судалгаанд 30 гаран эрдэмтэн судлаачид, 200 гаруй оюутан, туслах ажилтнаас бүрдсэн үндэсний томоохон экспедици 240 хоног ажиллаж Монголын археологийн шинжлэх ухаанд “Чандмань Хар уулын дурсгалууд” хэмээх нэрийг баттай суулгаж чадсан билээ. 2015 онд “Чандмань Хар уулын дурсгал I” хамтын бүтээл хэвлүүлсэн байна.

    “Чандмань Хар уулын археологийн дурсгал II” бүтээлд Монгол, Япон, Солонгос, Америкийн нийт 17 судлаачийн археологи, угсаатны зүй, материал судлал, палеозоологи, сэргээн засварлалт, эх бичиг судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэснээс гадна, лабораторийн нарийвчилсан шинжилгээ багтаж буйгаараа онцлог юм. Чандмань Хар уулын түүхийн олон үед хамаарах оршуулгын дурсгалаас илэрсэн төмөрлөг эдлэлийн найрлагын судалгаа, сэргээн засварлалт, лабораторийн судалгаа зэрэг цаг хугацаа шаардсан тодорхой үе шат бүхий шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн олон онцлог өгүүллүүд багтсан байна.

    Зохиогч: Ч.Амартүвшин
    Утас: 11-452894
    Хаяг: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар-13343, Жуковын гудамж-77, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, 216 тоот
    И-мэйл: archaeology@mas.ac.mn
    5
    (1)

    “АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА: МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ, УГСАА-СОЁЛЫН ХӨГЖИЛ” НЭГЭН СЭДЭВТ ХАМТЫН БҮТЭЭЛ

    30,000 ₮

    Энэхүү бүтээл нь БСШУСЯ, ШУТС-аас хэрэгжүүлсэн “Монгол угсаатан үүсч бүрэлдсэн болон Монголчуудын гарал үүслийн судалгаа” суурь судалгааны төслийн үр дүн бөгөөд монголчуудын угсаа гарлын нэн түвэгтэй цогц асуудлыг археологийн ба хүн судлалын онол, арга зүйн талаас нь судалсан, “Монголчуудын угсаа гарал, угсаатны хөгжлийн концепц”-ийг тодорхойлсон анхны буурьтай судалгаа болсон юм. Тус хамтын бүтээлд монголчуудын гарал үүслийн асуудлыг эзэнт гүрний үеийн монголчууд, хүннү ба монголчууд, хүннүгээс өмнөх үеийн археологийн соёл гэсэн гурвалсан холбоонд авч үзсэн бөгөөд хүрлийн дунд үед сагсай болон шоргоолжин булш-түрүүлгэ нь харуулсан булшны соёл, хүрлийн төгсгөл үед хиргисүүр-буган хөшөөний соёл, дөрвөлжин булшны соёл гэсэн бие даасан соёлууд бодитоор оршин, орон зай, эдийн соёлын хэв шинж, ёс заншлын цогц болон хөгжиж, угсаатан бүрэлдэх үйл явц эхэлснийг археологийн судалгаагаар нотлон харуулжээ. Улмаар түрүү төмрийн үеэс дөрвөлжин булшны соёл дийлэнх болж, хүннүгийн орон зайтай давхцан, цаг хугацаа, зан заншлын хувьд залгамж шинжтэй, генийн хувьд хамааралтай болохыг тогтоосон байна.

    Археологийн судалгаагаар өвөг монголчуудын угсаатны түүх хожуу хүрэл-түрүү төмрийн үеийн дөрвөлжин булшны соёлоос гараагаа авч, Хүннү, Жужаныг дамжин язгуурын монголчуудын үед буухиалан хүрчээ. Шинэ үзэл баримтлалаар монголчуудын угсаа гарлын түүхийг наад зах нь 1000 жилээр урагшлуулж байгаа нь энэхүү судалгааны томоохон ололтуудын нэг болно.

    Редактор А.Очир, Ц.Төрбат

    Зохиогч: А.Очир, Ц.Төрбат, Ч.Амартүвшин, Г.Эрэгзэн, Ж.Гантулга, Д.Түмэн, Ж.Баярсайхан, Л.Эрдэнэболд, С.Өлзийбаяр, У.Эрдэнэбат
    Утас: 11-452894
    Хаяг: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар-13343, Жуковын гудамж-77, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, 216 тоот
    И-мэйл: archaeology@mas.ac.mn
    5
    (1)

    “МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТ СУУРИН” ХАМТЫН БҮТЭЭЛ

    60,000 ₮

    Археологийн судалгааны ололт амжилтыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2016 онд “Монголын археологийн өв” цувралын анхны 6 ботийг хэвлүүлсэн билээ. Энэхүү 6 боть бүтээлд Чулуун зэвсэг, Булш оршуулга, Буган хөшөө, Хадны зураг, Хүн чулуу, Шавар сав гэсэн сэдвүүд багтсан бөгөөд хэвлэгдсэн даруйдаа мэргэжлийн судлаачид төдийгүй олон нийтэд ихээхэн таалагдаж, ховор номын жагсаалтад багтан, тухайн оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн юм. 2017-2019 онд “Монголын археологийн өв” цуврал Эртний урлагийн дурсгал, Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл сэдвээр баяжигдан нийт 9 боть хэвлэгдсэн байна.

    Энэ удаагийн “Монголын эртний хот суурин” хэмээх бүтээл нь цувралын 10 дахь боть бөгөөд Монгол нутаг дахь хүннү, уйгур, хятаны үеийн нийт 50 хот суурин, үйлдвэрлэлийн газрууд, тэдгээрт хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд багтсан нь эртний түүх сонирхон судлагч хэн бүхэнд чухал хэрэглэгдэхүүн болсон юм.

    Зохиогч: Г.Эрэгзэн, Л.Эрдэнэболд, Редактор Д.Цэвээндорж
    Утас: 11-452894
    Хаяг: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар-13343, Жуковын гудамж-77, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, 216 тоот
    И-мэйл: archaeology@mas.ac.mn
    4
    (1)

    “ЧИХЭРТИЙН ЗОО БА БАЯНЦАГААНЫ ДУРСГАЛ” ХАМТЫН БҮТЭЭЛ

    60,000 ₮

    Энэхүү бүтээл нь Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Төвийн бүсийн Соёлын өвийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийн судалгаа шинжилгээ” төслийн хүрээнд 2016-2018 онд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт явуулсан археологийн хайгуул болон малтлага судалгааны ажлын үр дүн юм. Хамтарсан судалгааны хүрээнд тус сумын нутагт 370 гаруй дурсгалыг шинээр бүртгэн баримтжуулж, Чихэртийн зоо хэмээх хүннүгийн үеийн язгууртны болон жирийн иргэдийн оршуулгын газарт хэд хэдэн дурсгалыг малтан судалж, НТӨ II зууны үед хамаарахыг тогтоосон нь Монгол нутаг дахь хүннүгийн дурсгалын он цагийг бүтэн зуун жилээр урагшлуулсан чухал үр дүнд хүрсэн юм. Үүний зэрэгцээ хүрлийн үеийн хэд хэдэн төрлийн дурсгалыг малтан судлаж эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулаад байна.

    Редактор С.Чулуун

    Зохиогч: Г.Эрэгзэн, С.Энхболд, П.Алдармөнх, Чу Санги, У Жэжин, Им Дунжэ, Ан Жэпил
    Утас: 11-452894
    Хаяг: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар-13343, Жуковын гудамж-77, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, 216 тоот
    И-мэйл: archaeology@mas.ac.mn
    5
    (1)