Монгол орны загасны лавлах

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б. Мэндсайхан, Юрий Юлианович Дгебуадзе, С. Пүрэвдорж нарын хамтарсан “Монгол орны загасны лавлах” ном 2017 онд хэвлэгдэн гарсан. Номыг ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар санхүүжүүлэн хэвлүүлсэн.

Энэхүү загасны лавлах номонд Монгол орны нуур, голд тархан амьдрах 79 зүйл, дэд зүйлийн загас болон дугариг амтаны ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, хамгааллын статусын талаарх сүүлийн  үеийн тодорхой мэдээллийг Монгол, Англи хэл дээр дурьдан, тархацын тойм зураг, зүйлийн зургийг өнгөтөөр оруулж өгсөн. Зохиогч нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отрядын бүрэлдэхүүнд оролцон гүйцэтгэж, боловсруулалтыг Газарзүй-Геоэкологийн биоэкологийн лабораторид явуулсан.

Монгол орны 3 ай савын нуур, голуудад тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүн нь (1) гарал үүсэл (амьдарч байгаа нуур, голуудын усзүйн сүлжээний үүсэл, тухайн зүйл устаж үгүй болох алслагдахад нөлөөлсөн газарзүй болон уур амьсгал);  (2) тухайн загасны амьдарч байгаа нуур, голын абиотик буюу шим бус хүчин зүйлийн нөхцөл нь тухайн зүйлийн үржлийн нөхцлийг бүрдүүлж чадах; (3) биотик буюу шим хүчин зүйлс (идэш тэжээлийн хүрэлцээ хангамж, зүйл хоорондын харилцан үйлчлэл) зэргээс шалтгаалан өөр өөр байдаг. Хойт мөсөн далайн ай савд 13 овгийн 34  зүйл, Номхон далайн ай савд 14 овгийн  48 зүйл, Төв Азийн гадагш урсгалгүй ай савд 4 овгийн 15 зүйл (2 зүйлийг нутагшуулсан) загас тархан амьдарч байна. Зарим түгээмэл тархацтай зүйл нь 3 ай савд гурвууланд нь тэмдэглэгдсэн.