Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.)

Description

Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.) нь эмийн ашигт, ховор статустай өвслөг ургамал юм. Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухаанд эмийн 181 жорын найрлагад орох бөгөөд жорын найрлагад орох давтамжаараа 36-рт бүртгэгдсэн. Уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэгддэг (Мана-4, Норов-7, Марчин-13, Лидэр-7, Жонлон-5, Лидэр-5, Мана-10 зэрэг 31 тан эмийн жоронд ордог) бөгөөд түүнд агуулагдах матрин, оксиматрин, софоридин зэрэг хоёрдогч метаболитууд нь үрэвсэл, бактери, хавдар, вирусын эсрэг гэх мэт биологийн идэвх үзүүлдэг. 2017-2019 оны суурь судалгааны ажлаар Үнэгэн сүүлхэй лидэрийг биотехнологийн аргаар бичил ургамал гарган авч, ex vitro-д (хөрс, хүлэмж) дасан зохицох нөхцлийг тогтоон улмаар гадаа ил талбайд шилжүүлэхэд 80%-ын амьдралттай байгааг тогтоосон. Ургуулах протокол бий болгон шинэ бүтээлийн патентийг улсын оюуны өмчийн газарт мэдүүлээд байна (10-2020-0006603).