Монгол орны цэвдэгтэй бүс нутгаар дайран өнгөрч буй хатуу хучилттай замын эвдрэлийн шалтгааныг тогтоох судалгаа, туршилт, зөвлөмж

Description

Бүтээгдэхүүний танилцуулга:  Монгол орны нутаг дэвсгэрт тархсан цэвдэг нь дулаан цэвдэгтэй бүсэд хамрагддаг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын хэлбэлзэл ихтэй бөгөөд цэвдэгтэй бүс нутагт ойролцоогоор 1200 км хатуу хучилттай зам баригдсан байдаг. Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар 2017 оноос хойш цэвдэгтэй бүс нутгаар дайран өнгөрч буй хатуу хучилттай авто замд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, дүгнэлт, зөвлөмж гаргасаар байна. Судалгааны үр дүнгээс хархад тухайн бүс нутагт замын даланг инженер-цэвдгийн нарийвчлсан судалгаа сайн хийгдээгүйгээс, замын даланг цэвдэгтэй бүс нутагт барьдаг хийц, технологийн дагуу бариагүй гэх мэт олон шалтгаанаас үүдэж замын далангийн доорх цэвдгийн гэсэлтээс үүдэж маш их хэмжээгээр суулт, деформаци үүсэж, зорчигчдын ая тухтай байдал алдагдаж байгааг тогтоосон. Цэвдэгтэй бүс нутагт цаашид гэсэлтэнд илүү өртөх замын зурвас хэсэгт тохирсон арга, аргачлал ашиглан засвар арчлалт хийснээр урсгал засварт зарцуулагдаж буй эдийн засгийн мөнгөн урсгалыг үр ашигтай зарцуулах ухаалаг механизмыг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

Цэвдэг судлалын салбар энэ чиглэлээр олон судалгаа, туршилтын ажил хийж байгаа бөгөөд 2020 онд хийж гүйцэтгэсэн туршилтын ажлыг жишээ болгон дурьдаж байна. Энэхүү туршилтын ажилаар А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн улсын чанартай авто замын суулт ихээр үүссэн далангийн доорх цэвдгийн төлөв байдлыг 2020 оны 05 сард өндөр нарийвчлалтай геофизикийн цахилгаан хайгуулын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээс хархад хатуу хучилттай замын далангийн доор орших цэвдэг 6-10 м хүртэл гэссэн. Замын далангийн хажуугийн цус зайлуулах суваг шуудуугаар бороо, цасны усны хуримтлалын нөлөөгөөр замын доорх цэвдгийн гэсэлтийг эрчимжүүлсэн. Иймд тухайн судалгааны үр дүнд үндэслэн 2020 оны 10 сард уг замын доорх цэвдгийг нэмж гэсгээхгүй байх орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлал ашиглан 14 м өргөнтэй, 30 м урттай, нийт 420 м2 замын даланд геотекстиль-геомембран тусгаарлагч материал ашиглан Монгол оронд анх удаа туршилт хийсэн (Зураг). Энэхүү туршилтын ажилд замын далангын доорх цэвдгийн температурыг байнга хянах зорилгоор замын далангын төв хэсэгт 2.30 м-ын гүнд болон геотекстиль-геомембран материалын доод, дээд хэсэгт тодорхой түвшингүүдэд температур хэмжигчүүд суурьлуулж өгсөн.