Description
2003 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Чандмань Хар уулын археологийн судалгаа эхэлж 2004, 2011, 2012, 2013 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУТИС-ийн 6 удаагийн хээрийн судалгаанд 30 гаран эрдэмтэн судлаачид, 200 гаруй оюутан, туслах ажилтнаас бүрдсэн үндэсний томоохон экспедици 240 хоног ажиллаж Монголын археологийн шинжлэх ухаанд “Чандмань Хар уулын дурсгалууд” хэмээх нэрийг баттай суулгаж чадсан билээ. 2015 онд “Чандмань Хар уулын дурсгал I” хамтын бүтээл хэвлүүлсэн байна.
“Чандмань Хар уулын археологийн дурсгал II” бүтээлд Монгол, Япон, Солонгос, Америкийн нийт 17 судлаачийн археологи, угсаатны зүй, материал судлал, палеозоологи, сэргээн засварлалт, эх бичиг судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэснээс гадна, лабораторийн нарийвчилсан шинжилгээ багтаж буйгаараа онцлог юм. Чандмань Хар уулын түүхийн олон үед хамаарах оршуулгын дурсгалаас илэрсэн төмөрлөг эдлэлийн найрлагын судалгаа, сэргээн засварлалт, лабораторийн судалгаа зэрэг цаг хугацаа шаардсан тодорхой үе шат бүхий шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн олон онцлог өгүүллүүд багтсан байна.