МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 05 сарын 13 өдөр Дугаар 52 Төрийн ордон, Улаанбаатар хот
“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-г 2 дугаар хавсралтаар, “”Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;
3/Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас баталсан дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх арга хэмжээг авах;
4/”Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 5 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.
5. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа “”Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад тусгагдсан тул “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэ тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР