Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Бүгд Найрамдах Беларусийн Суурь судалгааны сан (БССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 жил хүртэл байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
- Физик, математик, мэдээлэл зүй;
- Техникийн шинжлэх ухаан;
- Хими, дэлхий судлал;
- Анагаах ухаан, эм судлал;
- Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;
- Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.
Төсөлд тавигдах шаардлага:
- Төслийн зардал нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3 дахь хэсэг / журам харах/ болон “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д /журам харах/ нийцсэн байна.
- Төслийн үр дүн “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 8.1 дэх хэсэгт заасан хэлбэртэй байна.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Төслийн мэдүүлгийг Монгол талд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл info@stf.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Төслийн маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу
Жич: Беларусь талд төслийн саналыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор мэдүүлнэ. Дараах холбоосоор Беларусь талын зартай танилцана уу: https://fond.bas-net.by/if215_.html
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
- Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 1 жилд 12 сая төгрөг хүртэл байх бөгөөд нийт 3 хүртэлх жилд 36 сая төгрөг байна.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг дараах хаягаар авна уу.
Хаяг: Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741
Шинжлэх ухаан, технологийн сан