Description
Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал” нэртэй туршилтын төслийг 2018 оноос амжилттай хэрэгжүүлж эхэлж байна. Тус төслийн зорилго нь өндөр уулсын байгаль орчны нөхцөл, хээрийн судалгаа шинжилгээний ажлыг гадаад, дотоодын жуулчдад таниулах, сурталчлах үүрэгтэй. Нөгөө талаас шинжлэх ухааны байгууллагад ажилладаг албан хаагчид ялангуяа хөдөө хээр, урт хугацаагаар, өргөн газар нутгийг хамарсан судалгаа хийдэг судлаачдад санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх боломж бүрдэхээс гадна, судалгааны багийн гишүүдийн хэлний мэдлэг сайжрах, шинэ судалгааны санаа олох гэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд 2018 онд Герман улсын иргэн гурав, 2019 онд нэг жуулчныг Алтай, Хангайн уулархаг бүс нутгийн цэвдэг, мөстлөгийн мониторинг судалгаанд хамт авч явж өөрсдийн хийж буй судалгаа болон байгалийн онц сонирхолтой тогтоц бүхий газруудыг үзүүлж, танилцуулсан юм. Төсөлд оролцсон жуулчид аялсан газар нутгийн байгаль орчны онцлог, төлөв байдал түүний нутгийн оршин суугчдын амьдрал үзүүлэх нөлөө гэх мэт өргөн цар хүрээний шинэ мэдлэгтэй болсон мөн онгон зэлүүд байгальд аялж алжаалаа тайлж амарч чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа дахин дахин илэрхийлж байсан болно.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал нэртэй аялал нь жуулчдад хүрч очиход төвөгтэй зэлүүд байгальд аялж алжаалаа тайлах, шинжлэх ухааны шинэ мэдлэг олгох, хээрийн судалгаанд оролцож хувь нэмрээ оруулах, байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдрах боломж олгодгоороо энгийн аяллаас ялгарах юм. Гадаад, дотоодын жуулчид та бүхнийг бидэнтэй аялахыг урьж байна.