Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эзэд тодорлоо…

1️⃣Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Монгол Улсын түүх XX-XХI зуун” 5 боть бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
XX зуунд Монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, бататган бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, үндэсний хувьд сэргэн мандсан орчин үеийн улс болсон нь урагш дэвших үйл явцын суурь болж, ХХI зуунд улам баяжин гүнзгийрч буйг таван ботид багтаан харуулжээ.
Энэхүү бүтээл нь “БНМАУ-ын түүх” 3 боть зохиолын 3-р боть /1969/, “Монгол Улсын түүх” таван боть зохиолын 5-р боть /2003/ зэрэг ХХ зууны түүхийг дагнан өгүүлсэн бүтээлүүдээс хойш гарч буй томоохон бүтээл юм.
Бүтээлийн судалгааны багт Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХИС, Үндэсний төв архив, Чингис хаан үндэсний музей зэрэг байгууллагын 26 эрдэмтэн судлаачид ажиллажээ.
2️⃣Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Тус бүтээл нь “Бээжин барын Гэсэр” болон “Лүн Фү Сэ хийдээс олдсон Гэсэр”-ийн барын болон хулсан үзгийн эх бичгийг сурвалж болгон уран зохиолын онолын үүднээс судалж, кирилл үсгээр хэвлэгдэж байгаагүй 7 бүлгийг үгийн сан, соёлын тайлбар, зүүлтийн хамт хэвлүүлсэн хэл, уран зохиолын харьцангуй бүрэн хэмжээний судалгаа юм.
3️⃣Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидын “Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Уг бүтээл нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого түүний хэрэгжилтийн талаар хийсэн судалгааны үр дүн юм. Хөгжлийн үзэл санаанд тулгуурлан, улс орны бүхий л чадавхыг шинжлэх ухаан, технологи, инновацад суурилан эдийн засгийг буй болгох, ТӨР-ШИНЖЛЭХ УХААН-БИЗНЕС-ИРГЭНИЙ НИЙГЭМ гэсэн 4 тулгуур бүхий өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн хөгжлийн загварыг боловсруулж гаргаж ирсэн шинэ бүтцийг санал болгожээ.
4️⃣Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл: ХИМИЙН БОДИС” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Тус бүтээл нь галын физик, химийн процессыг тайлбарласан, шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанал, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал болох боломжтой юм.
✅Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл:
Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэй дараах өгүүллүүд 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарлаа.
1️⃣Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Тугалын Жанлав нарын “Construction and Dynamics of Efficient High-Order Methods for Nonlinear Systems” “Шугаман бус системийг бодох өндөр эрэмбийн үр ашигтай аргууд байгуулах, түүний динамикийг судлах нь” өгүүлэл Байгалийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
2️⃣Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвийн эмбриологич, Биологийн ухааны магистр Б.Мөнгөншагай нарын “The Trophectoderm could be better predictable parameter than inner cellular mass (ICM) for live birth rate and gender imbalance” “Үр хөврөлийн үүдэл эс бус трофоектодермийн үнэлгээ нь амьд төрөл болон хүйсийг урьдчилан таамаглах боломжтой” өгүүлэл Инженер технологийн салбарт шилдгээр шалгарлаа.
3️⃣Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Т.Нарангарав нарын “Selective Dissolution of copper and iron from molybdenite concentrate using acidic sodium nitrate solution” – “Натрийн нитратын хүчиллэг уусмал ашиглан молибденитын баяжмалаас зэс, төмрийг сонгон уусгах нь” өгүүлэл Инженер технологийн салбарт шилдгээр шалгарлаа.
4️⃣Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор Я.Оюунчулуун нарын “Effects of Grazing on taxonomic and Functional Diversity of benthic macroinvertebrates of six tributary streams of the eastern shore of Lake Hovsgol, Mongolia” – “Хөвсгөл нуурын зүүн эргийн цутгал голуудын ёроолын сээр нуруугүйтний таксономын болон функциональ олон янз байдалд бэлчээрлэлтийн нөлөө” өгүүлэл Хөдөө аж ахуйн салбарт шилдгээр шалгарлаа.
5️⃣Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам нарын “Hepatitis B, C, and D Virus Infection among Population Aged 10-64 Years in Mongolia: Baseline Survey Data of a Nationwide Cancer Cohort Study” – “Монгол Улсын 10-64 насны хүн амын гепатитын В, С, Д вирусийн халдвар: Үндэсний когорт судалгаа” өгүүлэл Анагаах ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
6️⃣Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Хуваалцах
Хуваалцах: