FALLING WALLS LAB MONGOLIA’24 НЭЭЛТТЭЙ ФОРУМЫН ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Залуу эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуусын шинэ санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд танилцуулдаг Falling Walls Lab Mongolia’24 форум нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр 9 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа.
Энэ удаагийн нээлттэй форумын эцсийн шатанд шалгарсан 13 илтгэгч тус бүр гурван минутад багтаан өөрсдийн шинэ санаачилга, саналуудыг танилцуулсан юм. Тэдгээрийн дотор сансрын микроскоп, хүнс, био бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зөөврийн спектрометр, хэрэглэгчийн зан төлвийг бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулсан судалгаа, амжилтгүй гарааны бизнесүүдийн шалтгааныг илрүүлэх судалгаа, STEM хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санаачилгууд багтсан байв. Түүнчлэн илтгэгчид өмнөх жилүүдийн илтгэлийн гол сэдвүүдийн нэгэд адил хог хаягдлыг дахин ашиглах технологи, урлагийн бүтээлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөллийг авчрах санал, дахин боловсруулсан ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бохир усыг дахин цэвэршүүлэх технологи гэхчлэн байгаль орчинд эерэг өөрчлөлт авчрах санаачилгууд, дэвшилтэт судалгааны бүтээлүүдээ англи хэл дээр дэлгэн танилцуулав. Эдгээр нь бүхэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүн-байгальд ээлтэй, эко амьдралыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн шилдэг бүтээлүүд байлаа.
Тухайлбал, Falling Walls Lab Mongolia’24 форумын Нэгдүгээр байранд Одбат овогтой Эрдэнэчимэг “BIODEGRADABLE POLYMER” судалгааны төслөөрөө шалгаран Үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сард Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг гардан авсан юм.
Түүнчлэн Очирхуяг овогтой Алтантуяа “SUSTAINABLE BIOPLASTIC” судалгаагаараа хоёрдугаар байр, мөн Энэтхэг улсаас оролцож буй Бикрам Барути “MICROSCOPY IN SPACE” илтгэлээрээ гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Форумын үеэр оролцогчид хүрээлэн буй орчны асуудлыг дэвшүүлээд зогсоогүй асуудлыг боломж болгон харж, бизнесийн эргэлтэд оруулах боломжтой өөрсдийн санаачилгыг дэвшүүлсэн нь сонирхолтой сэдэв байв.
Герман улсад “Берлиний ханыг нураах” анхны Falling Walls Lab болсноос хойш тус форум нь дэлхий дахинаа 100 гаруй улс оронд жил бүр тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ болоод байна.
Энэ удаагийн Falling Walls Lab Mongolia’24 форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, мөн Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Их Сургууль; INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо, MонЦаМэ агентлаг, хэвлэлийн түншээр Mongolia press, “Energy Insight” сэтгүүл тус тус дэмжин хамтран ажиллаж байна.
Хуваалцах
Хуваалцах: